ИСАИА 30

30
1“Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж,
Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч,
дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа” гэж ЭЗЭН айлдаж байна.
2Тэд Надтай зөвлөлгүйгээр
“Фараоны хамгаалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.
3Гэвч Фараоны хамгаалалт нь та нарын ичгүүр болно.
Египетийн сүүдэрт орогнох нь та нарын гутамшиг болно.
4Учир нь тэдний ноёд нь Зоанд байгаа бөгөөд
тэдний элчингүүд нь Ханест хүрч ирсэн.
5Өөрсдөд нь тусламж, ашиг болохгүй,
харин ичгүүр зэмлэл болох, ашиггүй хүмүүсээс болж хүн бүр ичих болно.
6Негевийн араатнуудын тухай зөн.
Тэд эм болон эр арслан,
хорт болон нисдэг могой гарч ирдэг
зовлон зүдгүүрийн газраар дамжин,
өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон,
эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин,
өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.
7Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна.
Тийм учраас Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.
8Одоо очиж, үүнийг ирэх өдрүүдэд үүрдийн гэрчлэл болгохын тулд
тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, номонд бич.
9Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөд
ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.
10Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж,
эш үзүүлэгчдэд
“Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй.
Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.
11Замаа орхиж, жимээсээ гарагтун.
Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.
12Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна.
“Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,
13та нарт шийтгэл байх болно.
Энэ нь өндөр ханын цууралт улам гүнзгийрч,
гэнэт нурж, сүйрэн унахтай адил байх болно.
14Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно.
Иймээс түүнийг хайр найргүй эвдэж,
зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална”.
15Израилийн Ариун Нэгэн болох Эзэн БУРХАН
“Гэмшил ба амар тайван дотор та нар аврагдах болно.
Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэж айлдав.
Гэвч та нар хүсээгүй.
16“Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн.
Тиймээс та нар зугтана.
“Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв.
Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.
17Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш,
толгод дээрх тэмдэг мэт үлдэх хүртлээ нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж,
таван хүний заналхийллээр та нар зугтах болно.
18ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна.
Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна.
Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан.
Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!
19Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. 20Хэдийгээр Эзэн та нарт эмгэнэлийн талх, тарчлалын ус өгсөн боловч, та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ. 21Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно. 22Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ.
23Дараа нь газарт тариалах та нарын үрслэгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ. 24Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд утгуур ба ацаар шигшсэн давсалсан тэжээл иднэ. 25Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул, аливаа өндөр толгод дээр гол горхи урсана. 26ЭЗЭН Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болох ажээ.
27Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна.
Түүний уур нь шатаж, утаа нь өтгөн,
уруул нь зэвүүцлээр дүүрч, хэл нь түймэрдэгч галтай адил байна.
28Үндэстнүүдийг шүүлтүүр дотор хойш урагш нь сэгсчин,
сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулд
Түүний амьсгал нь халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.
29Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно.
ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.
30ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож,
догшин уур, түймэрдэгч галын дөл,
ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.
31ЭЗЭНий дуу хоолойнд Ассири айдаст автана. Тэр шийдмээр цохино.
32Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг,
босоо ятгын аятай байх болно.
Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.
33Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ.
Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ.
Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ.
Галын нүх нь түлээгээр дүүрэн байв.
ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 30: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү