ХАБАККУК 2
2
1Би манааныхаа байранд зогсож,
бэхлэлтэн дээр байрлан суух болно.
Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээ
би хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно.
2Тэгтэл ЭЗЭН надад хариулан,
“Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн,
хавтангууд дээр сийлэн бич.
3Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн.
Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм.
Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн.
Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ.
4Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм.
Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.
5Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй.
Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж,
үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй.
Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан,
бүх ард түмнийг өөртөө хураана.
6Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж,
түүнийг доромжлон, үг цухуйлган,
«Өөрийн бус юмыг өсгөж,
өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ!
Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?
7Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,
чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?
Үнэхээр чи тэдний олз нь болно.
8Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир
тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно.
Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн
хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
9Гамшиг сүйрлийн савраас аврагдаж,
өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!
10Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээ
чи өөрийнхөө гэрт гутамшигт зүйлийг дуудаж,
чи өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.
11Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч,
модон байшингийн яс модод түүнд хариулах болно.
12Цус урсган хот босгож,
хүчирхийллээр суурин байгуулагч хүн хөөрхийлөлтэй еэ!
13Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн,
үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?
14Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил
дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.
15Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан,
хөршөө согтоогч хүн хөөрхийлөлтэй еэ!
16Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно.
Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн.
ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж,
асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.
17Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн,
чиний тэднийг айлгаж байсан араатнуудынх нь сүйрэл чамайг хучих болно.
Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн
хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
18Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно түүний ашиг тус юу вэ?
Эсвэл худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн ашиг тус юу вэ?
Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа
гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.
19Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж,
дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхийлөлтэй еэ!
Тэдгээр нь чамд багш болж чадна гэж үү?
Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн бөгөөд
дотор нь ямар ч амьсгал байдаггүй.
20Харин ЭЗЭН Өөрийн ариун сүмдээ заларсан байдаг.
Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай”.
Одоогоор Сонгогдсон:
ХАБАККУК 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society