ХАБАККУК 1

1
1Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн үзэгдэл.
2ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж,
Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ?
Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч,
Та аврахгүй юм.
3Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж,
юунд бузар мууг харуулна вэ?
Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж,
эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.
4Тиймээс хууль нь үл тоогдож,
шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй.
Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.
5Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа!
Алмайр! Гайхагтун!
Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.
6Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна.
Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.
7Тэд сүрдмээр, аймшигтай ард түмэн.
Тэдний шударга ёс болон эрх мэдэл нь өөрсдөөс нь үүссэн билээ.
8Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан,
үдэш гардаг чононуудаас ч гярхай.
Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирж байна.
Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.
9Тэд бүгдээрээ хүчирхийлэхээр ирнэ.
Тоо томшгүй тэдний нүүр урагшлах бөгөөд
тэд элс мэт олзлогдогсдыг хураана.
10Тэд хаадыг дооглон, захирагчдаар тоглоом тохуу хийнэ.
Тэд бэхлэлт бүрийг шоолон, тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно.
11Тэдгээр хүмүүс салхи мэт хийсэж, өнгөрөн одно.
Харин өөрсдийн хүч чадлаа өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд гэм буруутайд тооцогдоно.
12Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байгаагүй гэж үү?
Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ.
Хад минь, Та засан залруулахын тулд тэднийг тогтоон тавьсан.
13Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм.
Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ.
Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ?
Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхад
юунд Та анир чимээгүй байна вэ?
14Яагаад Та хүмүүсийг тэнгисийн загас мэт,
дээрээ захирагчгүй мөлхөгч амьтад мэт бүтээсэн юм бэ?
15Халдеичууд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж,
тороороо шүүрдэн барьж, загасчилдаг торондоо тэднийг цуглуулдаг.
Тэгээд тэд баярлалдан хөөрч байна.
16Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж,
загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг.
Учир нь эдгээр зүйлсээр тэдний олз омог нь арвин бөгөөд
хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.
17Тэд тороо хоослож, үндэстнүүдийг хэлтрүүлэлгүйгээр хядсаар л байх юм гэж үү?

Одоогоор Сонгогдсон:

ХАБАККУК 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү