ЭХЛЭЛ 50
50
1Иосеф эцгийнхээ толгойн дээр бөхийн уйлж, үнсээд, 2үйлчлэгч эмч нартаа эцгийнхээ биенд гүгэл хийлгэхээр тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв. 3Түүнийг бүтэн дөчин хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.
4Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь
—Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү? 5Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв. 6Фараон
—Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв. 7Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ихэс дээдэс, Египетийн бүх ихэс дээдэс, 8мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ. 9Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ. 10Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ. 11Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад
—Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мизраим хэмээн нэрлэх болжээ. 12Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв. 13Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутаг уруу авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт худалдаж аваад, оршуулгын газар болгосон байв. 14Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүмүүстэй хамт Египетдээ буцаж иржээ.
15Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад
—Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав. 16Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж
—Эцэг чинь нас барахынхаа өмнө 17“Ах нар чинь чамд гэм хорыг хийсэн боловч тэдний буруу нүглийг чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэм нүглийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав. 18Ах нар нь түүний өмнө очиж сөгдөн
—Бид бол таны зарц нар гэсэнд 19Иосеф тэдэнд хандаж
—Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлож болох билээ? 20Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. 21Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе гэж хэлээд, тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав.
22Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил наслан, 23Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж, бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр өсжээ. 24Иосеф ах дүү нартаа хандаж
—Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд, 25Иосеф бас Израилийн хүүхдүүдээр тангараглуулаад, хэлсэн нь
—Бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв. 26Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биенд гүгэл хийгээд, Египетэд авсалжээ.
Одоогоор Сонгогдсон:
ЭХЛЭЛ 50: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society