ЭХЛЭЛ 19

19
1Хоёр тэнгэр элч Содомд үдшээр иржээ. Лот Содомын дааман хаалган дээр сууж байгаад, тэднийг харж, босон угтаад, толгой гудайлган газарт бөхийн сөгдөв.
2Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд
—Үгүй, бид гадаа талбайд хононо гэв. 3Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв. 4Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотынхон буюу Содомынхон хөгшин залуугүй бүгдээрээ дөрвөн зүгээсээ цугларч, гэрийг нь бүсэлж, 5Лотыг дуудан
—Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв. 6Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, хаалгаа араасаа хааж,
7Ах дүү нар минь ээ! Ийм муухай зүйл битгий хийгээрэй! 8Надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар хүссэнээрээ тэднийг эдэл! Харин энэ хүмүүс миний гэрт ирсэн учир тэдэнтэй юу ч битгий хийгээрэй гэв. 9Тэд
—Зам тавьж өг! гээд,
—Манай энд ирсэн энэ цагаач бидний шүүгч болох гэж үү? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очив. 10Нөгөө хүмүүс нь гараа сунган, Лотыг гэрт татан оруулаад, хаалгыг нь хааж, 11гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.
12Нөгөө хүмүүс Лотод хандаж
—Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга. 13Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсноос энэ газрыг устгуулахаар ЭЗЭН биднийг илгээсэн тул бид энэ газрыг устгах гэж байна гэв. 14Тэгээд Лот гадагш гарч, охидтой нь сүй тавьсан хүргэддээ
—ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа! гэв. Гэвч хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ. 15Үүр цайх үеэр элч нар Лотыг ятган,
—Түргэл! Энд байгаа эхнэр болон хоёр охиноо авчир. Эс тэгвэл та нар энэ хотын гэм нүглийн дунд хамтдаа устгагдах болно гэжээ. 16Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив. 17Нөгөө хүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад,
—Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд 18Лот тэдэнд
—Үгүй, эзэд минь! 19Таны зарц нүдэн дээр тань нигүүлсэл хүртэж, та энэрэл хайраа надад үзүүлж, амийг минь аварлаа. Гэвч би уул өөд зугтаж чадахгүй. Гай гамшиг намайг нөмөрч, би үхнэ. 20Та хараач, тэр хот уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би аврагдаж магад гэв. 21Тэрээр түүнд өгүүлрүүн
—За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй. 22Би чамайг тэнд очтол юу ч хийж болохгүй тул тийшээ түргэн зугт гэв. Тийм учраас тэр хотыг Зоар (жижиг) гэж нэрлэжээ.
23Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байжээ. 24ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ. 25Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ. 26Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.
27Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газар уруугаа очив. 28Тэрээр Содом, Гоморра болон бүх хөндий тал уруу өнгийн хараад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байхыг үзэв. 29Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.
30Лот Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов. 31Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо өгүүлрүүн
—Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэнтэй унтах хүн байхгүй байна. 32Бид аавдаа архи уулгаад, түүнтэй унтаж, эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв. 33Тэгээд тэд тэр шөнөдөө эцэгтээ архи уулгаж, том охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй. 34Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ өгүүлрүүн
—Өнгөрсөн шөнө би эцэгтэйгээ унтсан, өнөө шөнө бид түүнд архи уулгаж, чи түүнтэй унтаж, бид эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв. 35Тэгээд тэд тэр шөнө эцэгтээ бас архи уулгаж, бага охин нь босож очоод, эцэгтэйгээ унтжээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй. 36Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов. 37Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг болой. 38Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг болой.

Одоогоор Сонгогдсон:

ЭХЛЭЛ 19: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

ЭХЛЭЛ 19-д зориулсан видео