ЕЗЕКИЕЛ 34

34
1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2Хүний хүү, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэдгээр хоньчдод “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид нь хонин сүргээ тэжээх ёстой бус уу? 3Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг. 4Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов. 5Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тараагдав. 6Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэв. Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв»” гэж өгүүл хэмээв.
7Тиймийн тул хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс. 8«Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр Миний хонин сүрэг олз болж, хоньчин дутагдсан тул Миний хонин сүрэг хээрийн бүх араатнуудын идэш болж, Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээн, Миний хонин сүргийг тэжээгээгүй учраас, 9тиймийн тул хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс. 10“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа бөгөөд Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ зогсооно. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээх бөгөөд харин Би Өөрийнхөө хонин сүргийг тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас аварна»”» гэв.
11Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно. 12Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно. 13Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд болон тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газруудад Би тэднийг тэжээх болно. 14Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд тэдний бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байх болно. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно. 15Би Өөрийн сүргийг тэжээж, Би тэднийг хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16«Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно. Харин тарган болон тэнхлүүнийг нь Би устгах болно. Би тэднийг шүүлтээр тэжээнэ.
17Миний хонин сүрэг ээ, та нарын тухайд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Би нэг хонь болон нөгөө хонины хоорондохыг, хуцнууд болон ухнануудын хоорондхыг шүүх болно. 18Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү? 19Миний сүргийн хувьд гэвэл, та нарын хөлөөрөө талхалсныг тэд идэж, та нарын хөлөөрөө булингартуулсныг тэд уух ёстой” хэмээв».
20Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно. 21Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас, 22тиймийн тул Би Өөрийн сүргийг аварч, тэд олз болохгүй. Би нэг хонь нөгөө хонины хоорондохыг шүүх болно. 23Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно. 24ЭЗЭН Би тэдний Бурхан болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.
25Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм. 26Би тэднийг болон Миний толгодын эргэн тойрон дахь газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр бол ерөөлийн бороо болох билээ. 27Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би тэдний буулгыг эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 28Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айлгахгүй. 29Би тэдэнд зориулан алдар цуутай тариалангийн газрыг байгуулна. Тэд энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид үүрэхгүй. 30Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН болох Би тэдэнтэй хамт байгааг Израилийн гэр болох тэд Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 31«Миний хонинууд, Миний бэлчээрийн хонинууд аа, та нарын хувьд гэвэл, та нар бол хүмүүс бөгөөд Би бол та нарын Бурхан мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 34: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү