ЕЗЕКИЕЛ 28
28
1ЭЗЭНий үг надад дахин ирж,
— 2Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Чиний зүрх бардамнан, чи “Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээн өгүүлсэн.
Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир
3(Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ.
Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.
4Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав.
5Агуу мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.)
6тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
“Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас,
7тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно.
Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно.
8Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно.
Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.
9Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө «Би бол Бурхан» хэмээн өгүүлсээр байх уу?
10Чи харь хүмүүсийн гараар, хөвч хөндүүлээгүй хүний үхлээр үхэх болно.
Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна»”.
11Дахин ЭЗЭНий үг надад ирж,
— 12Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.
13Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв.
Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв.
Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв.
Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.
14Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан.
Чи Бурханы ариун ууланд байлаа.
Чи галт чулуунуудын дундуур явав.
15Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв.
16Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв.
Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн.
Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав.
17Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав.
Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан.
Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан.
18Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав.
Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан.
Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.
19Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв.
Чи айдаст автаж, хойшид байхгүй болно»”.
20ЭЗЭНий үг надад ирж,
— 21Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл. 22“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна.
Би чиний дотор алдаршуулагдах болно.
Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
23Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана.
Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана.
Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
24Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, эсвэл өвтгөх үүргэнэ хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно».
25“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэдний тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн ариун байдлыг тэдний дотор үзүүлэх үед, тэгэхэд тэд Миний зарц Иаковд Миний өгсөн газарт суух болно. 26Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно»”.
Одоогоор Сонгогдсон:
ЕЗЕКИЕЛ 28: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society