ЕЗЕКИЕЛ 29
29
1Арав дахь жилийн аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
— 2Хүний хүү Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн, түүний эсрэг болон бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн, 3яригтун. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна.
Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд,
“Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн агуу мангас юм.
4Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно.
Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөд
чиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно.
5Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно.
Чи хээр талд унах болно.
Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ.
Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.
6Тэгэхэд Египетийн бүх оршин суугчид Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд зөвхөн хулсан таяг мэт л байв.
7Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав.
Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав».
8Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно. 9Египетийн газар нь эзгүйрэн, балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи “Нил бол минийх юм. Би үүнийг бүтээв” хэмээн өгүүлсэн. 10Тиймээс харагтун, Би чиний эсрэг болон чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно. 11Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно. 12Тиймээс Би Египетийн газрыг хоосорсон газруудын дунд хоосруулж, түүний хотууд ч дөчин жилийн турш балгас болсон хотуудын дунд хоосрох юм. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсууд уруу хөөж тараана.
13Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Дөчин жилийн эцэст Би египетчүүдийн тараагдсан ард түмнүүдийн дундаас тэднийг цуглуулах болно. 14Би Египетийн олзлогдогсдыг эргүүлж, тэдний уугуул нутаг Патрос газарт буцаана. Тэд тэнд дорд хаант улс болно. 15Тэр нь хаанчлалуудын хамгийн дорд болж, дахин хэзээ ч өөрийгөө үндэстнүүдийн дээр өргөмжлөхөө болино. Үндэстнүүдийг захирахгүй болтол нь Би тэднийг тийм жижиг болгох болно. 16Тэр хэзээ ч дахин Израилийн гэрийн итгэл найдвар байхаа больж, тэдний Египет уруу эргэснийх нь гэм бурууг сануулах болно. Тэгэхэд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно»” гэв.
17Хорин долоо дахь жилийн нэгдүгээр сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,
— 18Хүний хүү Тирийн эсрэг Вавилоны хаан Небухаднезар өөрийн цэргүүдийг нөр их хөдөлмөрлүүлэв. Бүх толгой халзан болж, бүх мөр шалбарав. Гэвч тэр болон түүний цэргүүд Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс аваагүй. 19Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэрээр түүний баялгийг авч одон, юмсыг нь тонон, олзыг нь булаана. Тэр нь түүний цэргүүдийн хөлс шан болох болно. 20Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
21Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний голд Би чиний амыг нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
Одоогоор Сонгогдсон:
ЕЗЕКИЕЛ 29: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society