ЕЗЕКИЕЛ 27

27
1Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,
2Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга. 3Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Тир ээ. “Би төгс үзэсгэлэнтэй юм” хэмээн чи өгүүлэв.
4Чиний хил хязгаар нь далайн зүрхэнд буй,
чамайг босгогчид чиний үзэсгэлэнг төгс болгов.
5Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж,
тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.
6Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж,
Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.
7Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн ба
энэ нь чиний ялгах тэмдэг болов.
Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.
8Сидон, Арвадын оршин суугчид чиний сэлүүрчид байв.
Тир ээ, чиний мэргэн хүмүүс онгоцон дотор чиний залуурчид байв.
9Гебалын ахмадууд болон түүний мэргэн хүмүүс нь чамтай хамт чиний эвдрэлийг засаж байв.
Далайн хамаг онгоц болон тэдний усан цэргүүд нь чиний худалдаа наймаанд оролцохын тулд чамтай хамт байв.
10Перс, Луд ба Пут нь чиний цэрэгт, чиний дайчдын дунд байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд чиний сүр жавхланг нэмэв. 11Арвадын хөвгүүд болон чиний цэргүүд эргэн тойронд чиний хэрмэн дээр байсан бөгөөд гаммадчууд чиний цамхагт байв. Тэд эргэн тойронд чиний хэрмэн дээр бамбайнуудаа өлгөж, чиний үзэсгэлэнг төгс болгосон.
12Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг мөнгө, төмөр, цагаан тугалга ба хар тугалгаар худалдан авч байв. 13Иаван, Тубал, Мешех нар чиний худалдаачид байсан. Хүний амь, хүрэл саваар тэд чиний барааг солилцож байв. 14Бет-тогармагаас ирсэн хүмүүс чиний эд барааны үнэд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн. 15Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв. 16Чиний барааны элбэг дэлбэгээс болж Арам нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг маргад чулуу, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв. 17Иуда болон Израиль нь чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн улаан буудай, боов, зөгийн бал, тос болон гавраар худалдан авч байсан. 18Чиний барааны элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс болон цагаан ноосноос болж Дамаск нь чиний худалдан авагч байсан. 19Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв. 20Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв. 21Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан. 22Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан. 23Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв. 24Тэд чамтай тансаг дээлүүд, хөх өнгийн хувцаснууд, нэхмэл бөс болон эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв. 25Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.
Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.
26Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж,
дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.
27Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа,
чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид,
чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно.
28Залуурчдын хашхирах дуунд бэлчээр нутгууд доргих болно.
29Сэлүүрийг баригч бүх далайчид ба тэнгисийн залуурчид хөлөг онгоцнуудаасаа буух болно.
Тэд газар дээр зогсоно.
30Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно.
Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.
31Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана.
Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно.
32Түүнээс гадна уйлах дуундаа тэд чиний төлөө гашуудлын дууг гарган, гашуудан дуулах болно.
“Хэн Тиртэй адил, хэн түүнтэй адил далайн дунд чимээгүй байна вэ?
33Чиний ачаанууд далайгаас гарахад чи олон ард түмнийг цатгажээ.
Өөрийнхөө баялаг эрдэнэс болон эд барааны элбэг дэлбэгээр чи газрын хаадыг баяжуулав.
34Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав.
35Эргийн газруудын хамаг оршин суугчид чамайг харан гайхаж байна.
Тэдний хаад нь ихэд айж байна.
Тэдний царай нь түгшүүрт автжээ.
36Ард түмнүүдийн дундах худалдаачид чам уруу исгэрч,
чи айдас түгшүүр болж, хойшид байхгүй болно”»” гэв.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 27: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү