ЕЗЕКИЕЛ 20
20
1Долоо дахь оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув. 2ЭЗЭНий үг надад ирж,
— 3Хүний хүү, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”. 4Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд өвөг дээдсийнх нь жигшүүрт үйлсийг мэдүүлж, 5тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Израилийг сонгон, Иаковын гэрийн үр удамд тангараглан, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн тэр өдөрт Би бол та нарын Бурхан ЭЗЭН хэмээн айлдаж тэдэнд тангараглах үед, 6тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав. 7Би тэдэнд ”Та нарын хүн бүр өөрийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн” гэж айлдсан. 8Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээр цутгахаар шийдсэн. 9Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн. 10Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. 11Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв. 12Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн. 13Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигаас ч татгалзсан. Миний амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээрээс цөлд асгана хэмээв. 14Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. 15Бас Миний тэдэнд өгсөн сүү балаар урсдаг бүх газруудын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангараглав. 16Учир нь тэд Миний зарлигууд болон Миний тогтоолуудаас татгалзаж тэднийг үл дагасан. Тэд Миний амралтын өдрийг бузарласан. Учир нь тэдний зүрх нь үргэлжид шүтээнүүдийн араас дагав. 17Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй.
18Би цөлд тэдний хүүхдүүдэд “Та нар эцгүүдийнхээ тогтоолуудаар явалгүй, тэдний зарлигийг сахилгүй, тэдний шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. 19Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Миний тогтоолоор явж, Миний зарлигийг сахиж, тэднийг дага. 20Миний амралтын өдрийг ариун байлга. Та нар Намайг өөрсдийн чинь Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар болон Миний хооронд тэмдэг болох болно” хэмээв. 21Гэтэл хүүхдүүд нь Миний эсрэг тэрсэлсэн. Тэд Миний тогтоолоор үл явж, хэрэв хүн түүнийг үйлдвэл, амьдрах ёстой Миний зарлигийг дагахыг хичээгээгүй. Тэд Миний амралтын өдрийг бузарлав. Тиймээс цөлд тэдний эсрэг Өөрийн уурыг гүйцээхийн тулд Би тэдний дээр Өөрийнхөө хилэгнэлийг цутгахаар шийдсэн. 22Гэвч Би мутраа татаж, тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн. 23Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, улсуудын дунд тэднийг тараах болно хэмээн Би бас цөлд тэдэнд тангараглав. 24Учир нь тэд Миний зарлигуудыг сахилгүй, харин Миний тогтоолуудаас татгалзаж, Миний амралтын өдрийг бузарласан ба тэдний нүд нь эцгүүдийнхээ шүтээнүүд дээр байв. 25Би бас сайн бус тогтоолуудыг болон түүгээр амьдарч үл чадах зарлигуудыг тэдэнд өгөв. 26Тэд өөрсдийнхөө бүх ууган төрөгсдийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар хэмээн зарласан. Ингэснээр Би тэднийг эзгүйрүүлэх бөгөөд энэ нь тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд юм»”.
27Тиймийн тул хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн, тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэсэн ч үүгээрээ л та нарын өвөг дээдэс Миний эсрэг урваснаараа Намайг доромжлов. 28Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан. 29Тэгээд Би тэдэнд ”Та нарын очдог өндөр газар юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама хэмээн дуудаж байсан»”. 30Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ байдлыг дуурайж өөрсдийгөө бузарлаж, тэдний жигшүүрт юмсыг дуурайж садар самууныг үйлдэх үү? 31Та нар өргөлүүдээ өргөж, өөрсдийн хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнүүдээрээ бузарлаж буй. Израилийн гэр ээ, Би та нараар асуугдах ёстой юу? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32«Та нар ”Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил байх болно” хэмээн өгүүлэхэд та нарын бодолд буй зүйлс биелэхгүй. 33Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр хүчит мутраараа ба сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг хаанчлах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 34«Би хүчит мутар болон сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч, мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна. 35Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно. 36Би та нарын эцгүүдийг Египет нутгийн цөлд шүүсний адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 37«Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний хүлээсэнд оруулна. 38Би та нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 39Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна. 40Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн авч, та нарын бүх ариун юмсын хамт хандив болон бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно. 41Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тайвшруулах тааламжит үнэр мэт хүлээж авна. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгээ нотолно. 42Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутаг уруу авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 43Өөрсдийгөө бузарласан өөрсдийн замуудаа болон өөрсдийн үйлдлээ тэнд та нар санах болно. Та нар өөрсдийн үйлдсэн хамаг хорон муу зүйлсийн төлөө өөрсдийн нүдэндээ жигшигдэх болно. 44Израилийн гэр ээ, Би та нартай муу явдлаар чинь, эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин Өөрийн нэрийн төлөө та нартай харьцах үед та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”. 45Одоо ЭЗЭНий үг надад ирж,
— 46Хүний хүү, Теманы зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл. 47Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана. 48ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махан бие харах болно. Түүнийг унтраахгүй» гэж өгүүл” гэв. 49Тэгээд би
—Өө Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” хэмээн хэлэв гэлээ.
Одоогоор Сонгогдсон:
ЕЗЕКИЕЛ 20: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society