ЕЗЕКИЕЛ 1

1
1Гуч дахь жилийн дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байсан үед тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв. 2(Иехоиахин хааны цөллөгийн тав дахь жил байв. Тэр сарын таванд 3халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв).
4Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв. 5Түүн дотор дөрвөн амьд биетэй төстэй дүрс үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв. 6Тэдний тус бүр нь дөрвөн нүүр, дөрвөн далавчтай байв. 7Тэдний хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туурай мэт бөгөөд тэд өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. 8Далавчнуудынх нь доор, тэдний дөрвөн талд нь хүний сарвуу байв. Тэр дөрвийн нүүр болон далавчнуудын хувьд гэвэл, 9тэдний далавчнууд нь хоорондоо шүргэн, тэднийг хөдөлж байхад нүүрнүүд нь эргэхгүй байсан бөгөөд тус бүр чигээрээ урагшилсан. 10Тэдний нүүрнүүдийн дүрс нь гэвэл, тус бүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв. 11Тэдний нүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биетээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв. 12Тэд тус бүр чигээрээ урагшилсан. Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд явж, явах үедээ эс эргэв. 13Амьд биесийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетнүүдийн дунд нааш, цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй байсан ба тэр галаас аянга гялбаж байв. 14Амьд биес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв.
15Намайг амьд биесийг харж байхад, харагтун, тэдгээр дөрвөн амьд биесийн дэргэд, дөрвүүлэнгийнх нь тус бүрд зориулагдсан нэг дугуй газар дээр байв. 16Дугуйнуудын гадна төрх болон хийц нь гялалзсан биндэрьяа мэт бөгөөд тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гадна төрх ба хийц нь нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв. 17Тэд хөдлөх бүрдээ өөрсдийн дөрвөн зүгийн аль нэгэн уруу чиглэн явж, хөдлөх үедээ тэд эс эргэнэ. 18Тэдний мөөрнүүдийн хувьд гэвэл, тэд сүрлэг болоод аймшигтай бөгөөд тэр дөрвөн дугуйны мөөрнүүдийг тойрон дүүрэн нүд байв. 19Амьд биес хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж, мөн амьд биес газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв. 20Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд тэр чиглэлд явсан. Дугуйнууд нь тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ. 21Тэдгээрийг явах бүрд эдгээр ч явж, тэдгээрийг тогтуун зогсох бүрд эдгээр ч тогтуун зогсох ажээ. Тэдгээрийг газраас өргөгдөх бүрд дугуйнууд тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ.
22Амьд биесийн толгой дээгүүр нь уудам зай мэт, тэдний толгой дээгүүр дэлгэгдсэн гялалзах болор мэт нэгэн зүйл байв. 23Уудам зайн дор тэдний далавчууд нь, нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тус бүр нь өөрийнхөө биеийг нэг талд ба нөгөө талд бүтээсэн хоёр далавчуудтай байв. 24Тэднийг явах үед бялхсан их усны чимээ адил Төгс Хүчит Нэгэний дуу мэт тэдний далавчнуудын чимээг, хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би мөн сонсов. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав. 25Тэдний толгой дээрх уудам зайн дээрээс дуу гарсан. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.
26Тэдний толгой дээр байсан уудам зайн дээд талд гадна төрхөөрөө сапфир чулуу мэт сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв. 27Тэгээд Түүний ууц болон түүнээс дээших төрхнөөс нь дотроо ба эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юмыг би ажигласан ба Түүний ууц болон түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юмыг би харсан. Түүний эргэн тойронд туяа байв. 28Бороотой өдөр үүлэн дотор байдаг солонгын төрхтэй адил эргэн тойрных нь туяаны төрх нь тийнхүү байв. ЭЗЭНий цог жавхлангийн төстэй байдлын төрх нь тийм байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ хөсөр унасан бөгөөд айлдах дууг сонсов.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү