ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 33
33
1ЭЗЭН Мосед
—Чи болон Египетийн газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж, Абрахам, Исаак, Иаковт “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Миний тангарагласан нутаг уруу оч. 2Би чиний өмнө тэнгэр элчийг явуулж, канаанчууд, аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөнө. 3Сүү, балаар бялхсан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарын дунд явахгүй. Эс бөгөөс Би та нарыг замд хөнөөнө гэв. 4Ард түмэн энэ гунигт үгийг сонсоод, гашуудан, хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй. 5Учир нь ЭЗЭН Мосед “Израилийн хөвгүүдэд «Та нар зөрүүд ард түмэн. Би та нарын дунд ганц хормын төдийд явбал, та нарыг сөнөөж магадгүй. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ» гэж хэл” хэмээн айлдсан юм. 6Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлав.
7Мосе майхан авч, хуарангийн гадна хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ хурлын майхан гэж нэрлэв. ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа хурлын майханд очдог болов. 8Мосег майхан уруу явах бүрд, бүх ард түмэн босон хүн бүр өөрийн майхны аманд зогсож, Мосег майханд ортол түүний араас ширтэн хардаг байв. 9Мосег майханд орох бүрд үүлэн багана буун ирж, майхны аманд тогтдог байлаа. ЭЗЭН Мосетэй ярьдаг байв. 10Бүх ард түмэн майхны аманд тогтон буй үүлэн баганыг харахдаа, хүн бүр өөрийн майхны аманд босож, мөргөдөг байв. 11Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосе хуаран уруу буцах хүртэл түүний зарц залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.
12Дараа нь Мосе ЭЗЭНд
—Хараач, Та надад “Энэ ард түмнийг авчир” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж айлдсан. 13Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв. 14Тэр
—Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв. 15Дараа нь Мосе Түүнд
—Хэрэв Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. 16Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв.
17ЭЗЭН Мосед
—Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон, Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав. 18Тэгэхэд Мосе
—Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч гэж би Танд залбиръя гэжээ. 19Тэр
—Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв. 20Гэвч Тэр
—Чи Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй гэж айлдав. 21ЭЗЭН
—Харагтун, Миний дэргэд нэгэн газар байна. Чи тэнд хадан дээр зогс. 22Миний цог жавхлан өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, Өөрийгөө өнгөрөх хүртлээ чамайг мутраараа халхална. 23Дараа нь Би мутраа авч, чи Миний ард талыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.
Одоогоор Сонгогдсон:
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 33: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society