ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:1-14

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:1-14 АБ2004

Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуув. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан зэгсэн сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавив. Хүүд юу тохиолдохыг мэдэхийн тулд түүний эгч зайдуу зогсож байв. Фараоны охин усанд орохоор Нил уруу ирж, түүний шивэгчид Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа. Тэр нээж харсанд, нэгэн хүү уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн —Энэ бол еврейчүүдийн хүүхдүүдийн нэг нь байна гэж хэлэв. Түүний эгч нь Фараоны охинд —Би явж, еврей эмэгтэйчүүдээс таны төлөө хүүхдийг асрах асрагчийг дуудах уу? гэв. Фараоны охин түүнд —Яв! гэхэд, охин явж, хүүхдийн эхийг дуудлаа. Фараоны охин түүнд —Энэ хүүхдийг авч, надад асарч өг. Би чамд хөлсийг нь өгнө гэв. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. Хүүхдийг өсөж том болоход, эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэр түүний хүү болов. Тэрээр хүүг Мосе гэж нэрлээд —Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж өгүүлжээ. Мосе өсөж том болоод нэгэн өдөр өөрийн ах дүү нар уруу очиж, тэдний хүнд хүчир ажлыг харав. Өөрийнх нь ах дүү болох нэг еврей хүнийг египет хүн зодож байхыг тэр үзэв. Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ, мөнөөх египет хүнийг алж, түүнийг элсэнд нуув. Түүнийг дараа өдөр нь очиход, хоёр еврей хүн зодолдож байгаа үзэгдэв. Тэр буруутанд хандан —Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд, харин нөгөө хүн —Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ? Чи египет хүнийг алсан шигээ намайг бас алах гэж байна уу? гэсэнд, Мосе айж —Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:1-14-д зориулсан видео