ҮЙЛС 7
7
1Тэргүүн тахилч
—Энэ үнэн үү? гэв. 2Тэгтэл тэр ингэж хэлэв.
—Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж, 3“Эх нутаг, төрөл садангуудаа орхи. Миний чамд үзүүлэх тэр газарт ир” гэсэн. 4Тийнхүү тэр Халдай нутгийг орхин Харранд ирж суурьшсан. Тэгээд түүний эцгийг нас барсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ амьдарч байгаа энэ нутагт нүүлгэсэн билээ. 5Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өмчөөр өгөөгүй хэдий ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм. 6Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана. 7Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно” гэжээ. 8Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.
9Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд 10түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа. 11Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ. 12Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав. 13Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов. 14Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ. 15Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна. 16Тэндээс тэднийг Сухем уруу аваачиж, Сухемд Емморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тавьжээ. 17Харин Бурханы Абрахамд амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх манай ард түмэн өсөж, олон болов. 18Энэ нь Иосефын талаар юу ч мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ. 19Тэр бидний удмынхны эсрэг заль гарган өвөг дээдэст маань, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг албадаж байсан. 20Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэр Бурханы өмнө хайрыг булаасан нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ. 21Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, төрсөн хүү шигээ үзэж, асран өсгөв. 22Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ. 23Харин нас дөч дөхөх үед Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол түүний зүрх сэтгэлийг эзэмдэв. 24Тэдний нэг нь шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад, түүнийг хамгаалж, Египет хүнийг цохин унагааж, өнөөх дарлагдсан хүний өшөөг авчээ. 25Бурхан тэдэнд өөрөөр нь дамжуулж аврал соёрхож байгааг ах дүү нар нь ойлгоно гэж тэр бодсон боловч, тэд ойлгосонгүй. 26Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ. 27Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ? 28Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу?” гэв. 29Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ. 30Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа үүргэний бутны дөлөнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна. 31Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч, 32“Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна” гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй. 33Харин Эзэн түүнд “Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм. 34Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ. 35“Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?” хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу. 36Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан. 37Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ. 38Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм. 39Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн. 40Тийнхүү Ааронд “Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд бүтээж өгөөч. Учир нь Египет газраас биднийг удирдан гаргасан Мосед юу тохиолдсоныг мэдэх юм бидэнд алга” гэж байлаа. 41Ийнхүү тэр өдрүүдэд тэд тугал хийж, мөнөөх шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан. 42Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, цөлд та нар дөчин жил Надад өргөл, тахилаа өргөөгүйсэн бил үү? 43Та нар мөн Молохын асар, [өөрсдийнхөө] Ромфа бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад уруу зайлуулах болно” гэсэн байдаг.
44Цөлд бидний өвөг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар нь хийгдсэн байлаа. 45Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа. 46Давид Бурханы өмнө тааллыг олон, Иаковын Бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан. 47Харин Түүнд өргөө босгосон нь Соломон болой. 48Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчийн
49“Эзэн айлдахдаа
«Тэнгэр болбоос Миний сэнтий,
Газар болбоос Миний хөлийн гишгүүр.
Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ?
Би амрах ямар газар байна вэ?
50Энэ бүх зүйл Миний мутраар бүтээгдээгүй гэж үү?»”
гэсэн байдаг.
51Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг. 52Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ Түүнээс та нар урвагсад, мөн алуурчид болцгоожээ. 53Та нар хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.
54Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа. 55Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,
— 56Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв. 57Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч, 58түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа. 59Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан,
—Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв. 60Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар,
—Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.
Одоогоор Сонгогдсон:
ҮЙЛС 7: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society