2 САМУЕЛ 8

8
1Түүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авав. 2Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.
3Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь ялав. 4Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид түүний тэрэгний морьдын шөрмөсийг нь огтолж, харин зуун тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээв. 5Дамаскийн сиричүүд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган сиричүүдийг алав. 6Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 7Хададезерын зарц нарын зөөж явсан алтан бамбайнуудыг Давид булаан авч, Иерусалимд авчирлаа. 8Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний зэсийг дээрэмджээ.
9Хададезерын хамаг цэргийг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод, 10Хададезерын эсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав. 11Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх улсуудаас зориулан авсан алт, мөнгөнүүдтэй хамт ЭЗЭНд зориулав. 12Тэдгээр нь Сири, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас, мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.
13Давид Давст Хөндийд арван найман мянган сиричүүдийг алсан тулаанаас буцахдаа өөрийн нэрийг дуурсгав. 14Тэр Едомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
15Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа. 16Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч, 17Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч, 18Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.

Одоогоор Сонгогдсон:

2 САМУЕЛ 8: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү