2 САМУЕЛ 22:21-33
2 САМУЕЛ 22:21-33 АБ2004
ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан, гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав. Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүй ЭЗЭНий замаар явсан. Түүний бүх заавар өмнө минь байж, Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ. Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөд нүглээс өөрийгөө хол байлгав. Тийм учраас Түүний өмнө зөв шударга болон цэвэр ариун байсан тул ЭЗЭН намайг шагнаж урамшуулсан юм. Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг, гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг. Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг, тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг. Та шаналан зовж буй ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг. ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг. Танаар би цэргийн хуаранг дайрч, Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг. Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ? Бурхан бол миний хүчит цайз бөгөөд Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.