2 САМУЕЛ 22:21-33

2 САМУЕЛ 22:21-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан, гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав. Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүй ЭЗЭНий замаар явсан. Түүний бүх заавар өмнө минь байж, Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ. Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөд нүглээс өөрийгөө хол байлгав. Тийм учраас Түүний өмнө зөв шударга болон цэвэр ариун байсан тул ЭЗЭН намайг шагнаж урамшуулсан юм. Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг, гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг. Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг, тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг. Та шаналан зовж буй ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг. ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг. Танаар би цэргийн хуаранг дайрч, Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг. Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ? Бурхан бол миний хүчит цайз бөгөөд Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.

2 САМУЕЛ 22:21-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Зөв шударга явдлын минь дагуу Намайг ЭЗЭН шагнаж Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав. Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан, Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй. Бүх тогтоол нь миний өмнө байсан Би зарлигуудаас нь эргээгүй билээ. Би Түүний өмнө гэм зэмгүй байж нүглээс өөрийгөө хол байлгав. Түүний мэлмийн өмнө би зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул ЭЗЭН надад хариулсан юм. Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та, гэм зэмгүйд гэмгүй л ханддаг. Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг. Дорой ядууг Та авардаг Таны харц ихэмсгүүдийг номхтгодог. ЭЗЭН минь, Та миний дэнлүү билээ. Миний харанхуйг ЭЗЭН гэрэлтүүлдэг билээ. Танаар би их цэргийг дайрч, Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг. Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.