2 САМУЕЛ 22

22
1ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав. 2Тэр ийнхүү дуулав.
—ЭЗЭН бол миний хад,
миний цайз, миний аврагч.
3Миний хоргоддог хад болох Бурхан минь.
Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар.
Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.
4Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахад
дайснуудаасаа би аврагддаг.
5Учир нь үхлийн давалгаа намайг хүрээлэн,
сүйрлийн гол намайг айлгав.
6Үхэгсдийн орны уяа намайг хэрж,
үхлийн тор над уруу чиглэв.
7Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан.
Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ.
Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон,
миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв.
8Тэгтэл газар доргин хөдлөв.
Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв.
9Түүний хамраас утаа гарч,
амнаас нь цөлмөн залгих гал гаран,
түүгээр нүүрс асан шатаж байв.
10Тэр тэнгэрийг бөхийлгөн,
хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.
11Тэр нэгэн херуб хөлөглөн нисэж,
салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв.
12Тэр Өөрийгөө тойруулан харанхуйг бүрхүүл болгож,
их хэмжээний ус хийгээд зузаан үүлс бий болгов.
13Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.
14ЭЗЭН тэнгэрээс аянга цахилуулан,
Хамгийн Дээд Нэгэн нь дуугарав.
15Тэр сум тавьж, дайснуудаа тараан,
аянга гялбуулж, тэднийг будлиулав.
16ЭЗЭНий зэмлэл,
Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж,
ертөнцийн суурь ил гарав.
17Тэр дээрээс явуулж,
намайг авч, их уснаас татан гаргав.
18Тэр хүчит дайснуудаас болон өшин хорсогчдоос намайг аврав.
Учир нь тэд надаас үлэмж хүчтэй байв.
19Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловч
ЭЗЭН миний тулгуур байлаа.
20Тэр намайг хайрладаг учир
намайг мөн өргөн уудам газарт авчран,
намайг аварсан билээ.
21ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан,
гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав.
22Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүй
ЭЗЭНий замаар явсан.
23Түүний бүх заавар өмнө минь байж,
Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ.
24Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөд
нүглээс өөрийгөө хол байлгав.
25Тийм учраас Түүний өмнө зөв шударга болон цэвэр ариун байсан тул
ЭЗЭН намайг шагнаж урамшуулсан юм.
26Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг,
гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг.
27Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг,
тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг.
28Та шаналан зовж буй ардуудыг авардаг.
Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.
29ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.
30Танаар би цэргийн хуаранг дайрч,
Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.
31Бурханы хувьд, Түүний зам төгс.
ЭЗЭНий Үг шалгагдсан билээ.
Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.
32ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
33Бурхан бол миний хүчит цайз бөгөөд
Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.
34Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон,
намайг өндөрлөг газар дээр аваачдаг.
35Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг.
Ингэснээр гар минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
36Та надад мөн авралын бамбайг өгсөн билээ.
Таны тусламж намайг агуу болгов.
37Та алхааг минь томсгож, хөл минь халтирсангүй.
38Би дайснаа хөөж устган,
тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцаж байсангүй.
39Тэднийг босгож ирүүлэхгүйн тулд би тэднийг цөлмөж сөнөөв.
Тэгээд тэд миний хөл доор унасан билээ.
40Тулалдахад Та надад хүч чадал бүслүүлж,
намайг эсэргүүцэн босогчдыг хөлд минь хөсөр унагав.
41Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав.
Намайг үзэн ядагчдыг би устгав.
42Тэд харуулдавч, тэднийг хэн ч аварсангүй.
Тэд ЭЗЭНд хандсан боловч, Тэр хариу өгсөнгүй.
43Би тэднийг газрын тоос мэт бут цохин,
гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.
44Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч,
намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.
Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
45Харь үндэстэн надад зусардан,
тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.
46Харь хүмүүс зүрх алдаж,
цайзаасаа чичрэн гарч ирдэг.
47ЭЗЭН амьд.
Ерөөгдөх болтугай, миний хад!
Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан!
48Миний өмнөөс өшөө авдаг,
хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан,
49Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан.
Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож,
харгис хүнээс намайг аварсан билээ.
50Тийм учраас ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж,
Таны нэрийг магтан дуулъя.
51Тэр бол Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд
Өөрийнхөө тосолсон нэгэндээ,
Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг
гэж дуулав.

Одоогоор Сонгогдсон:

2 САМУЕЛ 22: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү