2 САМУЕЛ 19

19
1Энэ нь Иоабт
—Одоо хаан Абсаломын төлөө уйлан гашуудаж байна гэж мэдэгдэв. 2Хаан хөвгүүнийхээ тулд гашуудаж байгааг хүмүүс дуулсан учир, тэр өдрийн ялалт нь хамаг ардуудын эмгэнэл болон хувирав. 3Дайнаас зугтаж, басамжлагдан доромжлогдсон хүмүүс нууцаар буцаж ирдгийн адил, тэр өдөр хүмүүс хотод сэмхэн нууцаар орж ирэв. 4Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар
—Миний хүү Абсалом. Абсалом оо. Хүү минь. Хүү минь хэмээн орилон хашхирч байв. 5Иоаб хааны гэрт очин, хаанд
—Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь, мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн чинь амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарыг гутаалаа. 6Учир нь та өөрийг тань үзэн яддаг хүмүүсийг хайрлаж, өөрийг тань хайрладаг хүмүүсийг үзэн ядлаа. Та өнөөдөр жанжнууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг харуулав. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан, бүгд үхсэн бол энэ нь таны таалалд нийцэх байсныг би энэ өдөр мэдлээ. 7Тийм учраас одоо босож, гадагш гаран, зарц нартайгаа эвээр яриач. Би ЭЗЭНээр тангараглая. Та гадагш гарахгүй бол, энэ шөнө нэг ч хүн тантай хамт байхгүй. Тэгээд энэ нь таныг залуу байхаас эдүгээ хүртэл танд учирсан ямар ч гай зовлонгоос муу байх болно гэв. 8Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд
—Хараач. Хаан хаалганы хажууд сууж байна гэхэд, бүх хүмүүс хааны өмнө ирэв. Израиль хүмүүс тус бүр өөрсдийн майхан уруу зугтааж буцсан байв. 9Израилийн бүх овгуудаар хүмүүс
—Хаан биднийг дайсны гараас, филистчүүдийн савраас аварч гаргасан. Харин одоо хаан Абсаломаас болж газар нутгаасаа зугтав. 10Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв.
11Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж
—Иудагийн ахлагчдад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ? 12Та нар бол миний ах дүүс, мах цусны минь тасархай. Тийн атал юунд хааныг буцаан авчрахад сүүл барьж байна вэ?” 13Бас Амасад “Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай” гэж хэлүүлэв. 14Ингээд Давид хамаг иудачуудыг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд хүн явуулж
—Та болоод зарц нар тань буцаж ирнэ үү хэмээн хэлүүлэв. 15Тэгээд хаан буцаж, Иордан голд хүрэхэд, иудачууд хааныг угтан, Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд ирэв.
16Бахуримын Бениамин хүн Герагийн хөвгүүн Шимеи, Давид хааныг угтахаар яаран, иудачуудын хамт ирэв. 17Түүний хамт мянган Бениамин эрс, мөн Саулын гэрийн зарц Зиба ч арван таван хөвгүүн, хорин зарц нараа дагуулан хааны өмнө Иордан голд ирэв. 18Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байв. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа, хааны өмнө газарт хөсөр унав. 19Тэрээр хаанд
—Эзэн минь, намайг гэмтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг бүү зүрхэндээ хадгалан санаарай. 20Боол би нүгэл үйлдсэнээ мэдэх учир, харагтун, өнөөдөр би Иосефын гэрээс хамгийн түрүүнд хаан эзнээ угтахаар ирэв гэв. 21Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулж
—ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв. 22Гэвч Давид
—Зеруиагийн хөвгүүд минь. Энэ бол миний хэрэг. Та нар өнөөдөр надад дайсагнаж байна. Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдэхгүй учир Израильд хүн алах ёстой гэж үү? гэж хэлэв. 23Тэгээд хаан Шимеид
—Чи үхэхгүй хэмээн айлдаж, түүнд тангараглав.
24Саулын хөвгүүн Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл өөрийн хөлөө арчлалгүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ. 25Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас ирсэн үед хаан түүнээс
—Мефибошет, чи юунд надтай хамт явсангүй вэ? гэж асуув. 26Тэр
—Хаан эзэн минь, зарц минь намайг мэхлэв. Боол би хөлгүй учир “Би илжиг эмээллэн унаж, хаантай хамт явъя” гэж хэлсэн юм. 27Гэтэл тэр боол намайг эзэн хаанд гүжирдэв. Гэвч миний эзэн хаан Бурханы тэнгэр элч мэт тул та өөрийн тааллаар бологтун. 28Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулав. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй юм бэ? гэв. 29Хаан түүнд
—Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад газар хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв. 30Мефибошет хаанд
—Хаантан амар мэнд гэртээ буцаж ирснээс хойш тэр бүгдийг нь аваг гэв.
31Гилеад хүн Барзиллаи Рогелимоос Иордан голд хааныг үдэн гаргахын тулд хаантай хамт Иордан гол хүртэл явав. 32Барзиллаи бол наян настай, их хөгшин хүн байв. Тэрээр ихэд баян хүн байсан учир Маханаимд байх зуур нь хааныг хүнсээр хангаж байв. 33Хаан Барзиллаид
—Надтай хамт гатлан явагтун. Иерусалимд надтай хамт байхад би таныг идэх хүнсээр хангах болно гэв. 34Гэвч Барзиллаи хаанд
—Хаантай хамт Иерусалимд очсон ч би хэдий удаан наслах билээ? 35Би одоо наян настай болов. Би сайн, мууг ялгаж чадах уу? Юу идэж, уухаа би амталж үзэж чадна гэж үү? Дуучин эрс, эмсийн хоолойг сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болохгүй гэж үү? 36Боол би хаантай хамт Иордан голыг гаталж, жаахан яваад буцъя. Хаан яасан гэж надад ийм шагнал хайрлана вэ? 37Би өөрийнхөө хотод, эцэг эхийнхээ булшны ойр үхмээр байгаа учир боол намайг буцаагаач. Гэсэн хэдий ч таны зарц Кимхам энд байна. Тэр миний эзэн хаантай хамт гатлан яваг. Та түүний хувьд тааллынхаа дагуу болтугай! гэж хэлэв. 38Хаан
—Кимхам надтай хамт гатлан явах болно. Би түүнд чиний таалалд нийцсэн зүйлийг хийх болно. Чи надаас юу хүснэ, түүнийг чинь би биелүүлж өгье гэв. 39Ингээд хүмүүс бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд, тэр хот уруугаа буцав.
40Хаан Гилгал уруу явж, Кимхам болон Иудагийн бүх ардууд, израильчуудын хагас нь хааныг дагалдан явав. 41Гэтэл тэнд израильчууд бүгд хаан дээр ирээд
—Бидний ах дүүс болох иудачууд нь юуны тулд таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хаантай хамт Давидын хүмүүсийг Иордан голыг гатлуулан авчрав? гэв. 42Иудагийн бүх хүмүүс израильчуудад
—Яагаад гэвэл хаан бол бидний ойрын төрөл юм. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсдөдөө авч үлдсэн үү? гэв. 43Израильчууд иудачуудад хариулж
—Бид хаанд арван хувьтай билээ. Тийм учраас Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.

Одоогоор Сонгогдсон:

2 САМУЕЛ 19: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү