2 САМУЕЛ 15
15
1Үүний дараа Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж, мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов. 2Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог байв. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан,
—Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн
—Таны боол би Израилийн ийм овгийн хүн байна хэмээн хариулдаг байв. 3Тэгэхэд нь Абсалом түүнд
—Харагтун. Чиний зарга сайн хийгээд зөв юм. Харин хааны зүгээс чиний хэргийг сонсох хүн нэг ч байхгүй хэмээн өгүүлдэг байв. 4Үүнээс гадна Абсалом
—Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг нь шударгаар шүүх байсан гэдэг байв. 5Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байжээ. 6Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.
7Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд
—ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач. 8Таны боол би Сирийн Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” хэмээн тангарагласан юм гэв. 9Хаан түүнд
—Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав. 10Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж,
—Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом бол Хеброн дахь хаан юм” хэмээгтүн гэж хэлүүлэв. 11Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэдгээр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв. 12Абсалом тахил өргөж байх зуураа хүн явуулж, Давидын зөвлөх Гиллон хүн Ахитофелыг, өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэн нийлэх хүмүүсийн тоо өссөөр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.
13Тэгэхэд Давид дээр нэгэн элч ирж,
—Израилийн хүмүүсийн сэтгэл зүрх Абсаломтай хамт байна хэмээн өгүүлэв. 14Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа
—Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв. 15Хааны зарц нар хаанд
—Миний хаан эзэн тааллаараа юу хэлнэ, тэр бүхнийг бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв. 16Ингээд хаан гарч явахад, гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван бага эхнэрээ үлдээв. 17Хаан болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс гарч, сүүлчийн гэрийн дэргэд зогсов. 18Хамаг зарц нар нь хааны хажуугаар өнгөрөн, бүх херетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүмүүс бүгд хааны өмнүүр явж өнгөрөв.
19Хаан гит хүн Иттаид
—Юунд чи бас бидэнтэй хамт явна вэ? Чи харь хүн бөгөөд бас цагаачин учир буцаж, хаантайгаа хамт үлд. 20Чи дөнгөж өчигдөр л ирсэн, тэгээд чамайг өнөөдөр өөрсдийн хамт хэрэн хэсүүлэх хэрэг үү? Учир нь би эндээс хаашаа ч хамаагүй аялах юм. Чи өөрийн ах дүүс нараа аваад буц. Өршөөл болон үнэн нь чамтай хамт байх болтугай гэв. 21Иттаи хаанд хариулан
—ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байгаа газар нь боол би тантай хамт байна гэв. 22Тиймээс Давид Иттаид
—Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л хөвгүүдийн хамтаар явж өнгөрөв. 23Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав.
24Мөн Задок бүх Леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавив. Мөн Абиатар ирж, хамаг ардуудыг хотоос гарч дуустал нь байв. 25Хаан Задокт
—Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно. 26Хэрэв Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе. 27Хаан тахилч Задокт
—Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун. 28Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв. 29Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв.
30Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав. 31Хэн нэгэн нь Давидад
—Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид
—ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв. 32Бурханд мөргөл үйлдэх газар болсон уулын оройд Давидыг ирэх үед хувцсаа урж, толгой дээрээ шороо цацсан архет хүн Хушаи Давидтай уулзав. 33Давид түүнд
—Хэрэв чи надтай хамт явбал чи надад тээр болно. 34Хэрэв чи хот уруу буцаж, Абсаломд “Хаантан минь, би таны зарц болъё. Урьд эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё” гэж хэлбэл чи Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна. 35Тэнд тахилч Задок болон Абиатар нар ч чамтай хамт байгаа биш үү? Чи хааны гэрээс сонссон болгоноо тахилч Задок болон Абиатар нарт дамжуулагтун. 36Тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт бий. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв. 37Тэгээд Давидын нөхөр Хушаи хот уруу буцав. Тэр үед Абсалом ч Иерусалимд ирэв.
Одоогоор Сонгогдсон:
2 САМУЕЛ 15: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society