ХААДЫН ДЭД 23
23
1Дараа нь хаан хүн илгээж, тэд түүн уруу Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав. 2Хаан ЭЗЭНий өргөө уруу явахад Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугчид, мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн түүнтэй хамт ЭЗЭНий өргөө уруу явав. Хаан ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг уншиж, тэдэнд сонсгов. 3Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан өөрийн бүх зүрх сэтгэлээр, бүх оюун ухаанаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэсэнд бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.
4Дараа нь хаан тэргүүн тахилч Хилкиа, дэд тушаалын тахилч нар болон хаалгач нарт Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тушаав. Тэрээр тэдгээрийг Иерусалимын гадна Кидроны талд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ. 5Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг, мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн бүх эрхэст утлага уугиулагчдыг тэр хөөн зайлуулав. 6Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс Ашераг Иерусалимын гадагш гарган Кидрон горхи уруу аваачаад, Кидрон горхины дэргэд түүнийг шатаан, үнс болгон бутлаж, үнсийг нь жирийн ардуудын булшин дээр цацжээ. 7Тэр бас ЭЗЭНий өргөөн дэх шүтээний янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхэж байсан юм. 8Дараа нь тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы орох үүдэнд буюу хотын дааман хаалганы дэргэд зүүн талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүүдийг ч нураан хаясан юм. 9Гэсэн ч мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нар Иерусалим дахь ЭЗЭНий тахилын ширээ уруу очоогүй, харин тэд өөрсдийнхөө ах дүүсийн дунд исгээгүй талх иджээ. 10Тэр бас Хинномын хүүгийн хөндийд буй Тофетыг бузарласан нь ямар ч хүн өөрийн хүү, эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд юм. 11Тэрээр наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн морьдыг зайлуулав. Тэдгээр морьд ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех түшмэлийн танхимын ойролцоох хашаанд байсан юм. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав. 12Ахазын дээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ. 13Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ. 14Тэрээр чулуун баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв.
15Цаашилбал Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөг болох тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг тэр нураав. Тэгээд түүний чулуунуудыг буулган, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ. 16Иосиа эргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ. 17Дараа нь тэрээр
—Миний харж буй энэ дурсгалын багана юу вэ? хэмээн асуусанд тэр хотын ард түмэн түүнд
—Энэ бол Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээний эсрэг таны хийсэн эдгээр зүйлсийг тунхагласан Бурханы хүний булш гэцгээв. 18Хаан
—Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив. 19Иосиа бас Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байрыг зайлуулсан билээ. Тэдгээрийг Израилийн хаад ЭЗЭНийг өдөөн хатгасаар босгосон юм. Тэрээр Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийм юм үйлджээ. 20Мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав.
21Тэгээд хаан бүх ард түмэнд
—Гэрээний энэ номд бичигдсэнчлэн өөрийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэгтүн хэмээн тушаав. 22Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэт Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдэж байгаагүй билээ. 23Харин Иосиа хааны арван найм дахь жилд Иерусалимд энэ Дээгүүр Өнгөрөх баярыг ЭЗЭНд сахисан юм.
24Үүнээс гадна, тахилч Хилкиагийн ЭЗЭНий өргөөнөөс олсон номд бичигдсэн хуулийн үгсийг батлахын тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газар ба Иерусалимд харагдсан бүх л бузар юмсыг Иосиа хөөн зайлуулжээ. 25Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН уруу эргэсэн түүн шиг хаан түүний өмнө байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй юм.
26Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй. 27ЭЗЭН айлдахдаа
—Би Израилийг зайлуулсан шигээ Иудаг ч мөн Өөрийн мэлмийнээс зайлуулах болно. Миний сонгосон энэ хот болох Иерусалимыг болон “Миний нэр тэнд байх болно” гэсэн сүмээ Би хаях болно хэмээв.
28Иосиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 29Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко Ассирийн хаан уруу Евфрат мөрөн тийш очив. Иосиа хаан түүнтэй уулзахаар очтол түүнийг үзээд Мегиддод алав. 30Түүний зарц нар түүний биеийг тэргэн дотор Мегиддогоос хүргэж Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгон өргөмжлөв.
31Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 32Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. 33Фараон Неко түүнийг Хаматын газар дахь Риблад хорьсон нь тэрээр Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд юм. Фараон уг газарт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ногдуулав. 34Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгон өргөмжилж, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин Иехоахазыг Египетэд аваачин, тэр тэндээ үхэв. 35Ингээд Иехоиаким Фараонд алт, мөнгийг өгчээ. Гэвч Фараоны тушаалаар мөнгийг өгөхийн тулд тэрээр уг нутгаас татвар авчээ. Фараон Некод өгөхийн тулд тэрээр тэр нутгийн ард түмнээс хүн бүрийн хөрөнгөний хэмжээний дагуу алт мөнгийг авав.
36Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Румагийн Педаиагийн охин Зебида гэдэг байв. 37Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.
Одоогоор Сонгогдсон:
ХААДЫН ДЭД 23: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society