ХААДЫН ДЭД 13

13
1Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гурав дахь жилд Иехүгийн хүү Иехоахаз Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ. 2Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй. 3Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч, мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв. 4Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ. 5ЭЗЭН Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм. 6Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв. 7Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ. 8Иехоахазын бусад үйлс, түүний хийсэн бүх юм болон түүний хүч чадал Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 9Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.
10Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ. 11Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ. 12Иоашийн бусад үйлс, түүний хийсэн бүх юм, Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 13Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид оршуулагджээ.
14Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан,
—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон оо! гэв. 15Елиша түүнд
—Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав. 16Тэгээд Елиша Израилийн хаанд
—Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гараа тавив. 17Елиша
—Зүүн зүг харсан цонхыг нээ хэмээхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша
—Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша
—ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамейчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв. 18Дараа нь тэр
—Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд
—Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив. 19Иймээс Бурханы хүн түүнд уурлан,
—Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.
20Елиша үхсэнд тэд түүнийг оршуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдав. 21Тэд нэг удаа нэг хүнийг оршуулж байхад дээрэмчдийн бүлгийг харжээ. Тэд өнөөх хүнийг Елишагийн булшин дотор хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.
22Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав. 23Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ. 24Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов. 25Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотуудыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.

Одоогоор Сонгогдсон:

ХААДЫН ДЭД 13: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү