ХААДЫН ДЭД 12

12
1Иехүгийн долоо дахь жилд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв. 2Тахилч Иехоиада өөрт нь зааварлаж байсан бүх өдрүүдийнхээ туршид Иехоаш ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн юм. 3Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.
4Дараа нь Иехоаш тахилч нарт хандан
—ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг 5тахилч нар тус бүр өөрсдийн таньдаг хүмүүсээсээ аваг. Тэд өргөөнд олдсон аливаа эвдэрлийг засварлагтун гэв.
6Гэвч Иехоаш хааны хорин гурав дахь жилд ч тахилч нар өргөөний эвдрэлийг засварласангүй байв. 7Тэгэхэд Иехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд
—Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо дотнын хүмүүсээсээ мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв. 8Ингээд ард түмнээс ч мөнгө авахаа больж, өргөөний эвдрэлийг засварлахаа болихыг тахилч нар зөвшөөрөв.
9Харин тахилч Иехоиада нэг авдар авч, таган дээр нь нүх гаргаад, тэр авдраа ЭЗЭНий өргөөнд ордог хаалганы баруун талд тахилын ширээний хажууд тавьжээ. Босгыг хамгаалдаг тахилч нар ЭЗЭНий өргөөнд авчирсан бүх мөнгийг тэр авдарт хийв. 10Авдран дотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ. 11Тооцоолсон мөнгөө тэд ажил хийгчид буюу ЭЗЭНий өргөөг хянагчдын гарт өгөв. Тэд үүнийг ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан мужаанууд болон барилгачдын хөлсөнд өгчээ. 12Мөн чулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад, мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ. 13Харин ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийгээгүй. 14Учир нь тэд мөнгийг ажил хийгчдэд өгсөн бөгөөд түүгээр тэд ЭЗЭНий өргөөг засварлажээ. 15Үүнээс гадна, ажил хийгчдэд хөлсийг нь өгүүлэхэд мөнгийг гарт нь хариуцуулсан хүмүүсээс тэд тайлан тооцоо шаардаагүй. Учир нь тэд итгэлтэйгээр үйлдэв. 16Гэмийн төлөөх тахил болон нүглийн төлөөх тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулахгүй. Тэр нь тахилч нарт зориулагджээ.
17Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гадын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв. 18Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг, өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.
19Иоашийн бусад үйлс болон түүний хийсэн бүх юм Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 20Түүний зарц нь босож, хуйвалдаан зохион, Силла уруу явахад нь Миллогийн ордонд Иоашийг цохив. 21Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехошафат нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод оршуулагдаж, түүний хүү Амазиа түүний оронд хаан болжээ.

Одоогоор Сонгогдсон:

ХААДЫН ДЭД 12: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү