ШАСТИРЫН ДЭД 15

15
1Бурханы Сүнс Одедын хүү Азариа дээр ирсэнд 2тэрээр Асатай уулзахаар явж, түүнд
—Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно. 3Олон өдрүүдийн туршид Израиль үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ. 4Гэвч өөрсдийн зовлон шаналал дотор тэд Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүнийг хайсан бөгөөд Тэр тэдэнд олдсон юм. 5Тэр үеүдэд гарч, орсон хүмүүст амар амгалан үгүй байлаа. Учир нь газар нутгуудын оршин суугчдыг тэр их үймээн самуун зовоон шаналгаж байсан юм. 6Нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот бяцлан устгаж байв. Учир нь Бурхан тэднийг бүх төрлийн зовлон гамшгаар зовоов. 7Харин та нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай юм гэв.
8Эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн өгүүлсэн эдгээр үгс болон эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин, Иуда, Бениамины бүх газар нутаг болон Ефраимын уулархаг нутгаас эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулжээ. Дараа нь ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг тэр сэргээн босгов. 9Тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан Ефраим, Манассе, Симеоны хүмүүсийг цуглуулав. Асагийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгааг хараад олон хүн Израилиас түүн уруу урважээ. 10Ингээд тэд Асагийн хаанчлалын арван тав дахь жилийн гуравдугаар сард Иерусалимд цугларчээ. 11Тэр өдөр тэд авчирсан олзноос долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил болгон өргөжээ. 12Тэд бүх зүрх, сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров. 13Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй алуулах ёстой байв. 14Үүнээс гадна, тэд чанга дуу, хашхирах дуу, бүрээ, эвэр бүрээтэйгээр ЭЗЭНд тангараг өргөжээ. 15Энэ тангаргаас болж бүх иудачууд баясан хөөрч байлаа. Учир нь тэд бүх зүрх сэтгэлээрээ тангараглаж, Түүнийг үнэхээр эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон болой. ЭЗЭН тэдэнд бүх талд амралтыг өгөв.
16Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатны суудлаас зайлуулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчин, түүнийг бяцлаж, Кидрон горхины дэргэд шатаав. 17Гэвч мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш гэм буруугүй байв. 18Тэрээр Бурханы өргөө уруу эцгийнхээ болон өөрийн зориулан өргөсөн эд зүйлс болох алт, мөнгө, сав суулгуудыг оруулан тавив. 19Асагийн хаанчлалын гучин тав дахь жил хүртэл ямар ч дайн гарсангүй.

Одоогоор Сонгогдсон:

ШАСТИРЫН ДЭД 15: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү