ШАСТИРЫН ДЭД 12

12
1Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав. 2Рехобоам хааны тав дахь жилд тэд ЭЗЭНд итгэлгүй хандсан тул Египетийн хаан Шишак Иерусалимыг довтлохоор 3мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв. 4Тэр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов. 5Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд
—ЭЗЭН ийн айлдахдаа “Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан” хэмээв гэж хэлэв. 6Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон,
—ЭЗЭН бол зөв шударга гэцгээв.
7Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа
—Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй. 8Гэвч тэд түүний боол болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрын ялгааг тэд ойлгох болно гэлээ.
9Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны ордны эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ. 10Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны ордны хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав. 11Хаан ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж, тэр гуулин бамбайнуудыг өргөн явах бөгөөд дараа нь тэдгээрийг харуулын өрөөнд буцаан тавих болжээ. 12Тэрээр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүр мөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад нөхцөл байдал сайжрав.
13Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин, ноёрхжээ. Рехобоам ноёрхож эхлэхдээ дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ. 14Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ чиглүүлээгүй учир бузар мууг үйлдсэн юм.
15Рехобоамын үйлсийг эхнээс нь дуустал, угийн бичгийнх нь тэмдэглэлийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичээгүй гэж үү? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайнууд үргэлжилсээр байв. 16Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Абиа түүний оронд нь хаан болов.

Одоогоор Сонгогдсон:

ШАСТИРЫН ДЭД 12: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү