1 САМУЕЛ 19
19
1Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ. 2Тийм учраас Ионатан Давидад
—Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Тиймээс өглөө болгоомжтой байж, далд газар нуугдагтун. 3Би гадагш гарч, чиний байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон, чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд мэдүүлье гэжээ. 4Дараа нь Ионатан эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж,
—Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэгтүн. 5Учир нь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв. 6Саул Ионатаны хэлэхийг сонсоод, тангараглан
—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Тэр алуулагдахгүй хэмээн өгүүлэв. 7Тэгээд Ионатан Давидыг дуудан, эдгээр бүх үгийг түүнд мэдүүлэв. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.
8Дахин дайн эхлэхэд Давид явж, филистчүүдтэй тулалдан, тэднийг ихээр хядсанд тэд Давидаас зугтав. 9Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараараа босоо ятгаар тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав. 10Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.
11Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн, түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэж байв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад
—Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэв. 12Ийнхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад зугтаж, зайлав. 13Михал гэрийн шүтээнийг авч, түүнийг орон дээр тавьж, толгой дээр нь хэдэн ямааны үс тавин, түүнийг хувцсаараа бүтээв. 14Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээсэнд Михал
—Тэр өвчтэй гэж хэлэв. 15Тэгэхэд Саул Давидтай уулзахаар элч нарыг илгээж
—Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв. 16Элч нар орж үзвэл толгой дээрээ хэдэн ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв. 17Саул Михалд
—Юунд чи намайг ингэж хуурч, миний дайсныг оргуулж, зугтаалгав? гэхэд Михал Саулд
—Тэр “Намайг явуулаач. Би яаж чамайг алах вэ?” гэж надад хэлсэн юм хэмээн өгүүлэв.
18Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирж, Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд өгүүлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув. 19Нэг хүн Саулд
—Давид Рамагийн Наиотод байна хэмээн мэдүүлэв. 20Тэгээд Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгчид эш үзүүлэн, Самуел тэднийг удирдаж байхыг элч нар хараад Бурханы Сүнс Саулын элч нарт ирэхэд тэд ч мөн адил эш үзүүлэв. 21Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн адил эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа дахин элч нарыг илгээсэнд тэд ч мөн адил эш үзүүлэв. 22Тэгээд Саул өөрөө Рама уруу явж Сехуд байдаг нэгэн том худаг уруу ирэв.
—Самуел, Давид нар хаана байна? хэмээн Саул асуусанд нэг хүн
—Тэд одоо Рамагийн Наиотод байна хэмээн өгүүлэв. 23Саул тэндээс Рамагийн Наиот уруу явсан ба түүнд Бурханы Сүнс ирж, тэрээр Рамагийн Наиотод хүртэл үргэлжлүүлэн эш үзүүлж явав. 24Тэр бас хувцсаа тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэн хэвтэж эш үзүүлэв. Тиймээс
—Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэлцэв.
Одоогоор Сонгогдсон:
1 САМУЕЛ 19: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society