Илчлэл 2:1-17

Илчлэл 2:1-17 АБ2013

Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний ажил үйлс ба зүдэл зүтгэл, тэвчээрийг чинь болон муу муухай хүмүүсийг тэвчдэггүйг, мөн өөрсдийгөө элч нар хэмээдэг ч, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, худал байсныг нь илчилснийг чинь мэднэ. Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, үл цуцав. Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа сана бас гэмш. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно. Гэвч чамд сайн юм бий. Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»” Смирна дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Эхэн ба Эцэс, үхсэн байгаад амилсан Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ. Эдлэх гэж буй зовлонгуудаасаа бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр зовлон ирнэ. Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.»” Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна. «Чиний хаана нутагладгийг Би мэднэ. Тэнд чинь Сатаны сэнтий байдаг ч чи Миний нэрийг хадгалж, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний итгэмжит гэрч Антипын өдрүүдэд ч надад итгэдгээ үгүйсгээгүй билээ. Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан. Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна