Илчлэл 1:1-8

Илчлэл 1:1-8 АБ2013

Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд өгсөн, Есүс Христийн илчлэл. Тэнгэрэлчээ Тэрээр илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн болой. Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна. Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс бас итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж, биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен. Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен. Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна