Дуулал 94:1-23

Дуулал 94:1-23 АБ2013

Өшөө авалтын Бурхан ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч! Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад үйлийнх нь хариуг өгөөч! ЭЗЭН, хэдий болтол буруутууд, Хэдий болтол гэм нүгэлтнүүд Баярлаж цэнгэх вэ? Тэд дээрэлхүү үгсийг ярьдаг. Ёс бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг. Өө ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж, Таны өвийг зовоодог. Тэд бэлэвсэн эмэгтэй ба ирмэл хүнийг алж, Өнчнийг хороодог. Тэд “ЭЗЭН хардаггүй, Иаковын Бурхан анзаардаггүй” гэдэг. Ард түмний дундах бодлогогүйчүүд ээ, ухаарцгаа! Тэнэгүүд ээ, та нар хэзээ ойлгох юм бэ? Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү? Үндэстнүүдийг гэсгээдэг, Мэдлэгийг хүмүүнд заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү? Хүний эргэцүүлэл нь дэмий хоосон гэдгийг ЭЗЭН мэддэг. Өө ЭЗЭН, Таны гэсгээдэг, Бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ! Ингэснээр гэм буруутанд нүх ухах хүртэл Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө. Учир нь ЭЗЭН ард түмнээ эс хаяж, Өв юугаа ч эс орхиюу. Учир нь шүүх дахин зөв шударга болж, Зүрх шулуун бүхэн түүнийг дагана. Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн ёс бусыг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ? Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол Сэтгэл минь удахгүй чимээгүйн дунд оршихсон. Хэрэв би “Миний хөл халтирсан” гэж хэлэх ёстой байсан бол, Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань намайг түших байсан. Миний дотор санаа зовоосон бодлууд олшироход Таны тайтгарууллууд сэтгэлийг минь баясгадаг. Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Хорлолын сэнтий Тантай эвсэж чадах уу? Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг. Харин ЭЗЭН миний бат цайз, Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн. Тэр тэдний цөв мууг Өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг хорон муугийнх нь дотор устгана. Бурхан ЭЗЭН маань тэднийг устгана.