Дуулал 80
80
Израилийн сэргэлтийн төлөө залбирал
Удирдаачид: Шошанним Едутийн дагуу. Асафын дуулал.
1Иосефыг хонин сүрэг мэт удирддаг
Израилийн хоньчин оо, чих тавиач.
Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.
2Бениамин, Ефраим,
Бас Манассегийн өмнө хүчээ босгож
Биднийг аврахаар ирээч!
3Бурхан, биднийгээ дахин босгооч,
Нүүр царайгаа гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдана.
4Түг түмдийн Бурхан ЭЗЭН,
Хэдий болтол хүмүүсийнхээ залбиралд
Та уураа уугиулах вэ?
5Тэднийг нулимсан талхаар хооллож,
Тэдэнд нулимсыг ихээр Та уулгалаа.
6Та биднийг хөршийн маань маргааны бай болгожээ.
Дайснууд маань дундаа шоолон хөхөрлөө.
7Түг түмдийн Бурхан,
Биднийгээ дахин босгооч,
Нүүр царайгаа гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдана.
8Усан үзмийн модыг
Египетээс Та гаргасан.
Үндэстнүүдийг хөөн гаргаж,
Та түүнийг суулгасан.
9Өмнийг нь Та түүний тул цэвэрлэсэн.
Үндсийг нь үндэслүүлж
өнөөх нутгийг дүүргэсэн.
10Түүний сүүдэр уулсыг бүрхсэн,
Мөчрүүд нь Бурханы хуш шиг байсан.
11Мөчрөө далай хүртэл,
Салаагаа мөрөн хүртэл сунгасан.
12Замаар явж өнгөрөгч бүхэн
түүнийг зулгааж болохуйцаар
Юунд Та хашлагыг нь нураав?
13Ойн зэрлэг гахай түүнийг тасчиж,
Хээрийн амьтан бүхэн түүгээр хооллож байна.
14Түг түмдийн Бурхан,
Эргэн ирээч, гуйя.
Тэнгэрээс өнгийн хараач!
Энэ усан үзмийн модыг,
15Таны баруун мутрын тарьсан усан үзмийн нахиаг хараач!
Өөртөө бат бэх болгосон мөчрөө харан айлчлаач!
16Тэрээр галд шатаж, цавчигдсан.
Нүүрний тань зэмлэлээс болж тэд сөнөнө.
17Мутар тань Таны баруун гар дахь хүний дээр,
Таны Өөртөө бат бэх болгосон
хүний хүүгийн дээр байх болтугай.
18Тэгвээс бид Танаас ухрахгүй.
Биднийг амилуулаач,
Бид нэрийг тань дуудна.
19Түг түмдийн Бурхан ЭЗЭН,
Биднийгээ дахин босгооч!
Нүүр царайгаа гэрэлтүүлээч!
Тэгвэл бид аврагдана.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 80: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.