Дуулал 79

79
Иерусалимыг энэрэхийг гуйх нь
Асафын дуулал.
1Бурхан, үндэстнүүд Таны өвд иржээ.
Таны ариун сүмийг бузарлаж,
Иерусалимыг тэд балгас болгов,
2Зарц нарын тань цогцсуудыг
Тэнгэрийн шувуудад хоол болгож
Ариун хүмүүсийн тань махыг
Газрын араатнуудад тэд өгчээ,
3Иерусалимын эргэн тойронд
Тэдний цусыг ус мэт урсгахад
Оршуулах хэн ч байгаагүй.
4Бид хөршүүддээ шившиг,
Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон.
5ЭЗЭН, хэдий болтол вэ?
Та мөнхөд уурласаар байх уу?
Хардалт тань гал шиг шатах уу?
6Уур хилэнгээ Таныг мэддэггүй үндэстнүүд дээр,
Нэрийг тань дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.
7Учир нь тэд Иаковыг залгиж,
Орших газрыг нь эзгүйрүүлсэн.
8Эцэг өвгөдийн маань хилэнцийг
Бидний эсрэг бүү санаач.
Бид маш дор орсон учир
Өөрийнхөө өршөөлөөр
биднийг даруй угтаж аваач.
9Авралын маань Бурхан,
Алдар нэрийнхээ төлөө бидэнд туслаач.
Нэрийнхээ төлөө биднийг аварч,
Нүглүүдийг маань уучлаач.
10Юунд үндэстнүүд
“Тэдний Бурхан хаана байна?”
гэж хэлэх ёстой вэ?
Таны зарц нараас урссан цусны өс авалт
Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.
11Хоригдлын ёолох дуу
Таны өмнө ирэг.
Үхэхээр яллагдагсдыг
хүчнийхээ аугаагаар хамгаалаач.
12Эзэн, Таныг зүхсэн хөршүүдийн маань зүхлийг
Өвөрт нь долоо дахин илүүгээр буцаагаач.
13Тэгвэл Таны ард түмэн,
Таны бэлчээрийн хонин сүрэг бид
Танд мөнхөд талархана.
Магтаалыг тань бид
үеийн үед тунхаглана.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 79: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү