Дуулал 78:1-37
Дуулал 78:1-37 АБ2013
Хүмүүс минь ээ, хуулийг минь сонс. Амны минь үгэнд чих тавигтун. Сургаалт зүйрлэлээр амаа нээнэ, Эртний таавар үгсийг би хэлнэ. Тэдгээрийг бид сонссон, мэдсэн бөгөөд Эцэг өвгөд маань ч бидэнд хэлж өгсөн. Тэдгээрийг хүүхдүүдээс нь бид нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаалыг, Түүний хүч чадал Үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь тунхаглан ярина. Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж, Израилийн дотор хуулийг тогтоосон. Тэдгээрийг үр хүүхдүүддээ мэдүүлэхийг Эцэг өвгөдөд маань Тэр тушаасан. Энэ нь ирэх үеийнхэн, Хойшид төрөх хүүхдүүд мэдээсэй гэсэндээ Мөн босож, өөрсдийн хүүхдүүдэд Тунхаглан ярихын тулд буюу. Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин тушаалуудыг нь сахихын тулд юм. Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм. Нум сумаар зэвсэглэсэн харваачид, Ефраимын хөвгүүд тулалдааны өдөр ухарсан. Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй, Хуулиар нь алхахаас ч татгалзсан. Түүний үйлсийг болоод Өөрсдөд нь үзүүлсэн гайхамшгуудыг тэд мартсан. Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ. Далайг хувааж, тэднийг дундуур нь гатлуулж, Их усыг ч овоо мэт Тэр зогсоосон. Тэднийг өдөр үүлээр, Шөнөжин галын гэрлээр Тэр удирдсан. Цөлд хад чулуунуудыг Тэр хагалан Оёоргүй гүнийх мэт арвин их усыг тэдэнд уулгасан. Бас хаднаас урсгал ус гаргаж, Усыг гол мөрөн шиг урсгасан. Гэсэн ч тэд Түүний эсрэг Ахин дахин нүгэл үйлдэж, Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрсэлсэн. Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон. Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ “Бурхан цөлд ширээ засаж чадах уу? Харагтун, Тэрээр ус урстал хадыг цохиж, Голыг цутгасан хэдий ч Талх өгч бас чадах болов уу? Тэрээр ард түмэндээ мах бэлтгэж өгнө гэж үү?” хэмээсэн. Тиймээс ЭЗЭН сонсож, хилэгнэсэн. Иаковын эсрэг галыг ноцоож, Израилийн эсрэг уурыг нэмэгдүүлсэн. Учир нь тэд Бурханд үл итгэсэн, Авралд нь ч эс найдсан. Гэлээ ч дээр буй үүлсэд Тэр тушаан Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон. Тэдэнд идүүлэх маннагаар Дээрээс нь бороо оруулан Тэр тэдэнд тэнгэрийн тариаг өгсөн. Тэнгэрэлч нарын талхыг хүн идсэн. Тэдэнд хүнсийг Тэрээр бялхам ихээр илгээсэн. Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж, Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан. Тэдэн дээр махыг тоос шороо мэт, Шувуудыг далайн элс мэт Тэр буулгасан. Хуарангийнх нь дунд, Суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан. Тэр тэдэнд шунан хүссэнийг нь өгсөн тул Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан. Харин шунал хүсэл нь эс хангагдсан. Хоол нь тэдний аманд байх зуур л Бурханы уур хилэн тэдний дээр ирж, Тэднээс хамгийн тарганыг нь алсан бөгөөд Израилийн шилдэг эрчүүдийг цохиж унагасан. Ийм боловч тэд нүгэл үйлдсээр, Гайхамшгуудад нь эс итгэсэн. Тиймээс Тэрээр өдөр хоногуудыг нь утгагүй хоосноор, Он жилүүдийг нь гэнэтийн аймшгаар дуусгасан. Өөрсдийг нь алах цагт тэд Түүнийг хайж, Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан. Бурхан тэдний хад байсныг, Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг Тэд санадаг байсан. Харин тэд амаараа Түүнд бялдуучилж, Хэлээрээ Түүнд худал ярьсан. Учир нь тэдний зүрх Түүнд шударга бус, Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.