ДУУЛАЛ 78:1-37
ДУУЛАЛ 78:1-37 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүмүүс минь ээ, хуулийг минь сонс. Амны минь үгэнд чих тавигтун. Сургаалт зүйрлэлээр амаа нээнэ, Эртний таавар үгсийг би хэлнэ. Тэдгээрийг бид сонссон, мэдсэн бөгөөд Эцэг өвгөд маань ч бидэнд хэлж өгсөн. Тэдгээрийг хүүхдүүдээс нь бид нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаалыг, Түүний хүч чадал Үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь тунхаглан ярина. Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж, Израилийн дотор хуулийг тогтоосон. Тэдгээрийг үр хүүхдүүддээ мэдүүлэхийг Эцэг өвгөдөд маань Тэр тушаасан. Энэ нь ирэх үеийнхэн, Хойшид төрөх хүүхдүүд мэдээсэй гэсэндээ Мөн босож, өөрсдийн хүүхдүүдэд Тунхаглан ярихын тулд буюу. Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин тушаалуудыг нь сахихын тулд юм. Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм. Нум сумаар зэвсэглэсэн харваачид, Ефраимын хөвгүүд тулалдааны өдөр ухарсан. Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй, Хуулиар нь алхахаас ч татгалзсан. Түүний үйлсийг болоод Өөрсдөд нь үзүүлсэн гайхамшгуудыг тэд мартсан. Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ. Далайг хувааж, тэднийг дундуур нь гатлуулж, Их усыг ч овоо мэт Тэр зогсоосон. Тэднийг өдөр үүлээр, Шөнөжин галын гэрлээр Тэр удирдсан. Цөлд хад чулуунуудыг Тэр хагалан Оёоргүй гүнийх мэт арвин их усыг тэдэнд уулгасан. Бас хаднаас урсгал ус гаргаж, Усыг гол мөрөн шиг урсгасан. Гэсэн ч тэд Түүний эсрэг Ахин дахин нүгэл үйлдэж, Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрсэлсэн. Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон. Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ “Бурхан цөлд ширээ засаж чадах уу? Харагтун, Тэрээр ус урстал хадыг цохиж, Голыг цутгасан хэдий ч Талх өгч бас чадах болов уу? Тэрээр ард түмэндээ мах бэлтгэж өгнө гэж үү?” хэмээсэн. Тиймээс ЭЗЭН сонсож, хилэгнэсэн. Иаковын эсрэг галыг ноцоож, Израилийн эсрэг уурыг нэмэгдүүлсэн. Учир нь тэд Бурханд үл итгэсэн, Авралд нь ч эс найдсан. Гэлээ ч дээр буй үүлсэд Тэр тушаан Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон. Тэдэнд идүүлэх маннагаар Дээрээс нь бороо оруулан Тэр тэдэнд тэнгэрийн тариаг өгсөн. Тэнгэрэлч нарын талхыг хүн идсэн. Тэдэнд хүнсийг Тэрээр бялхам ихээр илгээсэн. Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж, Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан. Тэдэн дээр махыг тоос шороо мэт, Шувуудыг далайн элс мэт Тэр буулгасан. Хуарангийнх нь дунд, Суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан. Тэр тэдэнд шунан хүссэнийг нь өгсөн тул Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан. Харин шунал хүсэл нь эс хангагдсан. Хоол нь тэдний аманд байх зуур л Бурханы уур хилэн тэдний дээр ирж, Тэднээс хамгийн тарганыг нь алсан бөгөөд Израилийн шилдэг эрчүүдийг цохиж унагасан. Ийм боловч тэд нүгэл үйлдсээр, Гайхамшгуудад нь эс итгэсэн. Тиймээс Тэрээр өдөр хоногуудыг нь утгагүй хоосноор, Он жилүүдийг нь гэнэтийн аймшгаар дуусгасан. Өөрсдийг нь алах цагт тэд Түүнийг хайж, Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан. Бурхан тэдний хад байсныг, Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг Тэд санадаг байсан. Харин тэд амаараа Түүнд бялдуучилж, Хэлээрээ Түүнд худал ярьсан. Учир нь тэдний зүрх Түүнд шударга бус, Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.
ДУУЛАЛ 78:1-37 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс. Миний амнаас гарах үгийг чих тавин сонс. Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ. Би эртний нууц үгсийг дуудна. Тэдгээрийг бид сонссон, мэдсэн, Бидний эцэг өвгөд ч бидэнд хэлж өгсөн. Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал, Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла. Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж, Израильд хуулийг тогтоосон. Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэж Тэр бидний эцэг өвгөдөд тушаасан. Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу Хойшид төрөх хүүхдүүд мэдэж, Мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв. Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн, Эцэг өвгөд шигээ Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм. Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан, Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан. Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй, Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан. Тэд Түүний үйлсийг болоод Өөрсдөд нь үзүүлсэн Түүний гайхамшгуудыг ч мартсан. Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Тэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ. Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж, Их усыг ч овоо мэт зогсоосон. Дараа нь Тэр тэднийг өдөр нь үүлээр, Шөнөжин галын гэрлээр удирдсан. Тэрээр цөлд хад чулуунуудыг хагалан Далайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан. Тэр бас хаднаас урсгал ус гаргаж, Их усыг мөрөн шиг урсгасан. Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж, Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн. Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаар Тэд зүрхэндээ Бурханыг сорьсон. Тэгээд тэд Бурханы эсрэг ярьсан. Тэд “Бурхан цөлд ширээг бэлтгэж чадах уу? Харагтун, Тэрээр хадыг цохиж усыг оргилуулан гаргаж, Голыг дүүргэсэн ч Тэрээр бас талх өгч чадах болов уу? Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?” гэжээ. Тиймээс ЭЗЭН сонсож, уур хилэнгээр дүүрсэн. Иаковын эсрэг гал асаж, Израилийн эсрэг уур хилэн ч нэмэгджээ. Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй, Түүний авралд ч найдаагүй. Харин Тэр дээр буй үүлсэд тушаан, Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон. Тэр тэдний дээр идүүлэх маннагаар бороо оруулан, Тэдэнд тэнгэрээс хоол өгсөн. Хүн тэнгэр элч нарын талхыг идсэн. Тэр тэдэнд хоол хүнсийг хангалттайгаар илгээсэн. Тэрээр тэнгэрт дорнын салхийг үлээлгэж, Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан. Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт, Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа Тэднийг хуарангийнх нь дунд, Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан. Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан бөгөөд Тэрээр тэдэнд шунан хүссэн ёсоор нь өгчээ. Тэд шунал хүслээ хангахаас өмнө буюу Хоол нь тэдний аманд байсаар байх зуур Бурханы уур хилэн тэдний эсрэг хандаж Тэдний хамгийн тарган хүмүүсээс заримыг алж, Израилийн шилдэг эрчүүдийг цохин унагасан. Ийм боловч тэд нүгэл хийсээр байж, Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй. Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор, Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан. Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж, Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан. Бурхан тэдний хад байсныг, Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ. Харин тэд амаараа Түүнд бялдуучилж Хэлээрээ Түүнд худал ярьсан. Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй, Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.