Дуулал 72:1-20
Дуулал 72:1-20 АБ2013
Бурхан, шүүлтээ хаанд, Зөвт байдлаа хааны хүүд өгөөч! Тэр Таны ард түмнийг зөв шударгаар, Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүг. Уулс ба толгод ч зөвт байдлаар Ард түмэнд амар тайвныг авчраг. Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн Гачигдагсдын хүүхдүүдийг аварч Дарлагчийг сөнөөх болтугай! Нар, сарыг байхад Тэд үеийн үед Танаас эмээг. Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг, Газар хөрсийг чийглэгч Шиврээ бороо мэт бууж ирэг! Түүний өдрүүдэд зөвт хүн цэцэглэж, Сарыг үгүй болтол Амар тайван ч арвин их болно. Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл, Тэрхүү газрын хязгаар хүртэл Захирах болтугай! Цөлд суугчид түүний өмнө бөхийж, Дайснууд нь тоос шороог долоог! Таршиш хийгээд арлуудын хаад бэлэг барин, Шеба хийгээд Себагийн хаад Алба гувчуур авчраг. Бүх хаад түүнд мэхийж, Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай! Тэрээр гачигдагчийг Тусламж гуйн хашхирахад нь, Дарлагдагч ба туслагчгүй нэгнийг ч бас аварна. Тэрээр ядуус, гачигдагсдыг өршөөж Гачигдагсдын амийг аврах болно. Тэр тэдний амийг Дарамт хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд Үнэтэй байх болно. Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай Тэд түүний төлөө үргэлж залбирч Түүнийг өдөржин ерөөх болтугай! Уулсын оргил дээрх газарт Үр тариа элбэг дэлбэг байг. Үр жимс нь Ливаны хуш шиг найгана Хотод суугчид газрын ургамал мэт Урган цэцэглэг. Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг. Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай! Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен. Иессийн хүү Давидын залбирал төгсөв.