Дуулал 50:1-23
Дуулал 50:1-23 АБ2013
Хүчит Нэгэн, Бурхан ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэл Дэлхийг дуудаж байна. Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулж байна. Бидний Бурхан ирээд дуугүй байхгүй. Урд нь залгигч гал, Эргэн тойронд нь хүчтэй шуурга. Тэрээр ард түмнээ шүүхийн тулд Тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж “Тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн Бишрэлтнүүдийг минь Над уруу цуглуул” гэдэг. Тэнгэрс зөвт байдлыг нь тунхагладаг. Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм. Села “Сонсогтун, ард түмэн минь ээ, Би ярина. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ Би Бурхан, чиний Бурхан. Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж Миний өмнө болой. Би гэрээс чинь бухыг ч, Хашаанаас чинь хуцыг ч авахгүй. Учир нь ойн амьтад бүгд, Мянган толгод дээрх мал сүрэг Минийх. Би уулын шувуу бүрийг мэдэх бөгөөд Хээр талд хөдлөх бүхэн Минийх. Би өлссөн байлаа ч чамд хэлэхгүй байсан. Учир нь ертөнц хийгээд Түүнийг дүүргэдэг бүхэн Минийх. Би бухнуудын махыг идэж, Хуцнуудын цусыг уух гэж үү? Бурханд талархлын тахилыг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл. Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.” Харин буруутад Бурхан айлдахдаа “Зарлигуудыг минь зарлан Гэрээг минь амандаа Юунд чи тээж байна вэ? Үнэндээ чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь арагшаа хаядаг. Чи хулгайчийг харахдаа түүнийг сайшаадаг. Чи завхайрагчидтай нэгддэг. Чи амаа ёрын муугаар явуулдаг бөгөөд Чиний хэл мэхлэлийг найруулдаг. Чи сууж, ах дүүсээ муулан ярьж, Эхийнхээ хүүг гүтгэдэг. Эдгээрийг хийхэд чинь Би дуугүй байсан. Намайг өөртэйгөө адил гэж Чи бодсон. Одоо Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө чамайг буруутгана. Бурханыг мартагч нар аа, ухаарагтун, Эс бөгөөс Би тасчин хаяна. Та нарыг аврах хүн үгүй. Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Зөв замаар замнагчдад Бурханы авралыг Би үзүүлнэ.”