ДУУЛАЛ 50:1-23
ДУУЛАЛ 50:1-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан. Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулсан. Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна. Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж “Миний бурханлаг хүмүүсийг Над уруу цуглуул. Тэд тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн юм” гэдэг. Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг, Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм. Села “Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ. Би бол Бурхан, чиний Бурхан билээ. Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөд Чиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг. Би чиний гэрээс залуу бухыг ч, Чиний хашаанаас хуцыг ч авахгүй. Учир нь ойн амьтан бүр, Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм. Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөд Хээр талд хөдөлдөг бүхэн Минийх юм. Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан. Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм. Би бухнуудын махыг идэж, Хуцнуудын цусыг уух гэж үү? Бурханд талархлын өргөлийг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл. Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”. Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа “Миний тогтоолуудыг зарлан, Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ? Чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь үл тоодог. Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөд Чи завхайрагчидтай нэгддэг. Чи амаа бузар мууд өгдөг бөгөөд Чиний хэл заль мэхийг зохиодог. Чи сууж, ах дүүсээ муулан ярьдаг. Чи өөрийн эхийн хүүг гүтгэдэг. Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан. Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон. Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна. Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун, Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна. Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Үйлс замналаа засагч хүнд Би Бурханы авралыг үзүүлнэ.”
ДУУЛАЛ 50:1-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүчит Нэгэн, Бурхан ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэл Дэлхийг дуудаж байна. Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулж байна. Бидний Бурхан ирээд дуугүй байхгүй. Урд нь залгигч гал, Эргэн тойронд нь хүчтэй шуурга. Тэрээр ард түмнээ шүүхийн тулд Тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж “Тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн Бишрэлтнүүдийг минь Над уруу цуглуул” гэдэг. Тэнгэрс зөвт байдлыг нь тунхагладаг. Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм. Села “Сонсогтун, ард түмэн минь ээ, Би ярина. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ Би Бурхан, чиний Бурхан. Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж Миний өмнө болой. Би гэрээс чинь бухыг ч, Хашаанаас чинь хуцыг ч авахгүй. Учир нь ойн амьтад бүгд, Мянган толгод дээрх мал сүрэг Минийх. Би уулын шувуу бүрийг мэдэх бөгөөд Хээр талд хөдлөх бүхэн Минийх. Би өлссөн байлаа ч чамд хэлэхгүй байсан. Учир нь ертөнц хийгээд Түүнийг дүүргэдэг бүхэн Минийх. Би бухнуудын махыг идэж, Хуцнуудын цусыг уух гэж үү? Бурханд талархлын тахилыг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл. Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.” Харин буруутад Бурхан айлдахдаа “Зарлигуудыг минь зарлан Гэрээг минь амандаа Юунд чи тээж байна вэ? Үнэндээ чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь арагшаа хаядаг. Чи хулгайчийг харахдаа түүнийг сайшаадаг. Чи завхайрагчидтай нэгддэг. Чи амаа ёрын муугаар явуулдаг бөгөөд Чиний хэл мэхлэлийг найруулдаг. Чи сууж, ах дүүсээ муулан ярьж, Эхийнхээ хүүг гүтгэдэг. Эдгээрийг хийхэд чинь Би дуугүй байсан. Намайг өөртэйгөө адил гэж Чи бодсон. Одоо Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө чамайг буруутгана. Бурханыг мартагч нар аа, ухаарагтун, Эс бөгөөс Би тасчин хаяна. Та нарыг аврах хүн үгүй. Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Зөв замаар замнагчдад Бурханы авралыг Би үзүүлнэ.”