Дуулал 138:1-8
Дуулал 138:1-8 АБ2013
Би бүхий л зүрхээрээ Танд талархана. Бурхдын өмнө Таныг би магтан дуулна. Таны ариун сүмд хандан би мөргөж, Хайр энэрэл, үнэний тань улмаас Таны нэрд талархахын учир нь Алдар нэр бүхнээсээ өндөрт Амлалтаа Та өргөмжилснийх. Дуудсан өдөрт минь Та надад хариулав. Сэтгэлийг минь хүч чадлаар зоригжуулав. Аяа ЭЗЭН, амнаас тань гарах үгийг сонсохдоо Газрын бүх хаан Танд талархана. Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна Учир нь ЭЗЭНий алдар аугаа. ЭЗЭН хэдийгээр өндөрт байвч Дорд нэгнийг хардаг. Бардамнагчийг Тэрээр холоос ч мэддэг. Хэдийгээр зовлон шаналангийн дунд Би явах болсон ч Та намайг сэргээнэ. Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс Та мутраа сунгах бөгөөд Баруун мутар тань намайг аварна. ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ. Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм. Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.