Дуулал 115:1-18
Дуулал 115:1-18 АБ2013
Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш, Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө Өөрийнхөө нэрд л алдрыг өргө. Үндэстнүүд юунд “Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэх ёстой вэ? Бурхан маань тэнгэрт байдаг. Тэр хүссэн бүхнээ үйлддэг. Тэдний шүтээнүүд гэвээс мөнгө ба алт, Хүний гарын бүтээл буюу. Амтай боловч ярьдаггүй Нүдтэй боловч хардаггүй Чихтэй боловч сонсдоггүй Хамартай боловч үнэрлэдэггүй Гартай боловч тэмтэрдэггүй Хөлтэй боловч алхдаггүй Хоолойгоороо ч дуу гаргадаггүй. Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд тэдэнтэйгээ адил буюу. Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн. Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм. Аароны гэр ээ, ЭЗЭНд итгэгтүн. Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм. ЭЗЭНээс эмээгчид ээ, ЭЗЭНд итгэгтүн. Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм. ЭЗЭН биднийг санасаар ирсэн, Тэр ерөөнө. Израилийн гэрийг ерөөнө. Аароны гэрийг ч бас ерөөнө. ЭЗЭНээс эмээгсдийг Их багагүй хамтад нь Тэр ерөөнө. ЭЗЭН та нарыг, Та нар дээр та нарын хүүхдүүдийг ч улам нэмэх болтугай. Тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс Та нар ерөөл хүртэх болтугай. Тэнгэрс бол ЭЗЭНий тэнгэрс, Харин дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгчээ. Үхэгсэд, анир чимээгүй уруу одогсод ЭЗЭНийг магтдаггүй. Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд ЭЗЭНийг магтана. ЭЗЭНийг магтагтун!