Сургаалт үгс 7:14-27
Сургаалт үгс 7:14-27 АБ2013
“Эвийн тахил надад байна Ам тангаргаа өнөө биелүүлсэн тул Чамтай учрахаар гарав, би. Чамайгаа хайн гартал чамайг олов, би! Ор дэрээ би өнгө алагласан, Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр бүтээв. Орон дотроо би мирр, зуун наст, шанц зэргийг анхилуулан цацав. Ирээч, өглөө хүртэл янаг хайраа бүрэн эдэлье. Амраглан жаргацгаая. Нөхөр эзгүй Алс холын аянд мордсон. Тэрээр зоостой хүүдийг авч одов. Тэргэл сартай өдөр л буцаж ирнэ” гэв. Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив. Өнөөх нь эмэгтэйн араас Нядалгаа уруу явж буй шар мэт Занганд цовхчих хандгай мэт дагах нь Сумны зэв элгийг нь нэвт сүлбэх хүртэл бөлгөө. Урхи уруу яарах жигүүртэн лугаа адил Амь юугаараа төлнө гэдгээ эс мэднэ. Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхааралаа хандуул. Зүрх чинь тэр эмийн зам уруу бүү эргэг. Жим уруу нь бүү төөрөлд. Түүнд шархлуулан хаягдагсад олон Түүнд алуулсан эрс тоймгүй. Ийм эмийн гэр Үхэгсдийн оронд хүрдэг зам агаад Үхлийн танхимууд хүртэл уруудмуй.