СУРГААЛТ ҮГС 7:14-27

СУРГААЛТ ҮГС 7:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Надад эвийн тахил бий. Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ. Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж, Би гарч ирээд, чамтай учирлаа. Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв. Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав. Ирээч. Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье. Учир нь миний нөхөр гэртээ байхгүй. Тэр алс холын аянд мордсон. Нөхөр маань зоостой хүүдийг авч одов. Тэргэл сар гарах өдөр л буцаж ирнэ” гэв. Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив. Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт, Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав. Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл, Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт, Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ. Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул. Зүрх сэтгэл чинь тэр эмийн зам уруу бүү эргэг. Жим дээр нь бүү зогс. Учир нь түүнд шидэгдэж хаягдсан олон хохирогчид бий бөгөөд Түүнд алуулсан хүмүүс нь бүгд тоо томшгүй ажээ. Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж.

СУРГААЛТ ҮГС 7:14-27 Ариун Библи 2013 (АБ2013)

“Эвийн тахил надад байна Ам тангаргаа өнөө биелүүлсэн тул Чамтай учрахаар гарав, би. Чамайгаа хайн гартал чамайг олов, би! Ор дэрээ би өнгө алагласан, Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр бүтээв. Орон дотроо би мирр, зуун наст, шанц зэргийг анхилуулан цацав. Ирээч, өглөө хүртэл янаг хайраа бүрэн эдэлье. Амраглан жаргацгаая. Нөхөр эзгүй Алс холын аянд мордсон. Тэрээр зоостой хүүдийг авч одов. Тэргэл сартай өдөр л буцаж ирнэ” гэв. Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив. Өнөөх нь эмэгтэйн араас Нядалгаа уруу явж буй шар мэт Занганд цовхчих хандгай мэт дагах нь Сумны зэв элгийг нь нэвт сүлбэх хүртэл бөлгөө. Урхи уруу яарах жигүүртэн лугаа адил Амь юугаараа төлнө гэдгээ эс мэднэ. Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхааралаа хандуул. Зүрх чинь тэр эмийн зам уруу бүү эргэг. Жим уруу нь бүү төөрөлд. Түүнд шархлуулан хаягдагсад олон Түүнд алуулсан эрс тоймгүй. Ийм эмийн гэр Үхэгсдийн оронд хүрдэг зам агаад Үхлийн танхимууд хүртэл уруудмуй.