Сургаалт үгс 26:1-28
Сургаалт үгс 26:1-28 АБ2013
Зунаар цас, ургацнаар бороо гэгчээр Мунхагт алдар хүнд үл зохино. Хүртэх ёсгүй хараал эргэлдэх бор шувуу, нисэн одох хараацай мэт Моринд ташуур, илжгэнд хазаар Мунхгуудын нуруунд саваа. Мунхаглалаар мунхагт бүү хариул Адил болуузай. Түүнд мунхаглалынх нь хариултыг өг Нүдэндээ тэд мэргэн болуузай. Хөлөө тайруулж, хүчирхийллийг ууя гэвэл Мунхаг нэгнээр хэл хүргүүлэх. Мунхгийн аман дахь сургаалт үгс Доголон хүний тэгш бус хөл адил. Мунхагт алдар хүнд өгөх нь Дүүгүүрт чулуу холбож бэхлэхтэй адил. Мунхгийн аман дахь сургаалт үгс Согтуугийн гар дахь өргөст мөчир адил. Явуулын мунхгийг хөлслөгч эсвэл согтууг хөлслөгч болбоос Бүхнийг шархдуулдаг харваач лугаа адил. Нохой бөөлжсөө идэх, Мунхаг хүн мунхаглалаа давтах. Өөрийнхөө нүдэнд мэргэн хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага бий. Залхуу хүн “Зам дээр арслан байна, Задгай талбайд арслан байна” гэх Хаалга нугасаараа эргэх адил Залхуу хүн орон дээрээ хөрвөөнө. Аяганд хүргэсэн гараа залхуу нь Амандаа буцааж хүргэх гэж цөхнө. Залхуу хүн өөрийгөө долоон хэрсүүгээс ч илүү мэргэнд тооцно Бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох нь Хажуугаар өнгөрөгч нохойг чихнээс нь зулгаахтай адил. Галтай мод, үхлийн сумаар тоглогч галзуу мэт Хөршийгөө гүтгэн мэхэлчихээд “Би тоглосон юм” гэгч байх. Түлээгүйд гал унтарна Хов зөөгчгүйд эвдрэлцэл намжина. Нүүрс цогшиж Мод гал болдог лугаа адил Хэрүүлч хүн хэрүүл өдөөх. Хов яригчийн үгс амтат идээ мэт Ходоодны мухарт ч хүрнэ. Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоос Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт. Үзэн ядагчийн уруул зөөлөн ярьдаг ч дотроо зальтай Нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Зүрх юунд нь элдэв долоон жигшүүр. Заль мэхээр үзэн ядалт нь халхлагддаг ч Зальт санаа нь чуулганы өмнө илчлэгдэнэ. Өрөөлд ухсан нүхэндээ өөрөө унах. Өөд өнхрүүлсэн чулуу өөр дээр нь буух. Худалч хэл хэлмэгдэгчээ хүртэл үзэн ядах. Ховч ам сүйрлийг бэлдэх.