Сургаалт үгс 22

22
1Арвин баялгаас сайн нэр дээр.
Алт, мөнгөнөөс таалал хүндлэл илүү.
2Баян ядуу хоёрт нийлэх зүйл гэвэл
Хоёуланг бүтээгч нь ЭЗЭН аж.
3Хэрсүү нь гамшгийг хараад нуугддаг.
Гэнэн нь угтан явж эцэстээ шийтгэгддэг.
4ЭЗЭНээс эмээхүй ба даруу дорд байдалд
Эд баялаг, алдар хүнд, амь нь шагнал болно.
5Адайрын замд сундуу хийгээд занга.
Анхаарал болгоомжтон тэдгээрээс ангид.
6Явах ёстой замаар нь хүүхдийг сурга.
Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй.
7Баян хүн ядуугийн захирагч.
Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц.
8Ёсон бусыг таригч нь зүдүүр гай хураах.
Агсрах хилэнгийнх нь саваа алга бас болох.
9Өгөөмөр хүн ерөөгддөг нь
Үгээгүйчүүлд хоолноосоо өгдгийнх.
10Басамжлагчийг холдуулваас хэрүүл зайлах.
Зарга болон зүхэл ч зогсоно.
11Цэвэр зүрхийг хайрлагч, нигүүлсэнгүй уруулт хүнтэй
Хаан хүртэл анд нөхөр болох.
12ЭЗЭНий мэлмий мэдлэгийг сахин хамгаалах.
Зальхайн үгсийг Тэрээр мушгин хол хаях.
13Залхуу хүн “Гадаа арслан байна
Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.
14Садар самуун эмийн ам гүн цооног юм.
ЭЗЭНийг хилэгнүүлэгч тийш унана.
15Саваагүй мунхаглал хүүхдийн зүрхэнд уяатай ч
Сахилгын саваа үүнээс нь салгаж холдуулах.
16Бэлжих гэж ядууг зовоож,
Баяныг зусардагч хүн хоосролд ордог.
Мэргэдийн үгс
17Мэргэдийн үгсэд чих тавь
Мэдлэг ухаанд минь зүрхээ хандуул!
18Хэвлийдээ чи эдгээрийг хадгалж,
Уруулан дээр чинь энэ үгс бэлэн байваас тааламжтайяа.
19Бат итгэл чинь ЭЗЭНд байг гэж би чамд мэдүүлэв.
20Би чамд мэдлэг хийгээд зөвлөх үг
гучийг бичиж үлдээсэн биш үү?
21Ингэсэн нь үнэний үгс итгэлтэйг чамд мэдүүлж,
Илгээсэн нэгэндээ чи үнэн үгийг эргүүлэн авчрахын тулд юм шүү!
22Ядууг ядуу гэж бүү тоно
Зүдэрснийг үүд хаалган дээр бүү дарла
23Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН
Тэднийг тоногсдыг Тэр тононо.
24Ууранд баригдсан хүнтэй бүү нөхөрлө,
Түргэн зантай хүнтэй бүү нийл.
25Учир нь чи түүний замаар суралцаж, өөрийгөө занганд оруулуузай.
26Гар барин амлаж,
Өрийн төлөө батлан даагчдын нэг бүү бол.
27Оронд нь төлөх юм чамд үгүй болбоос
Ор дэвсгэрийг чинь авах нь юун билээ?
28Эцэг өвгөдийнхөө бий болгосон
Эртний хил хязгаарыг бүү өөрчил!
29Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?
Тэрээр хаадын өмнө зогсоно
Дорд хүмүүст эс үйлчилнэ.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү