Сургаалт үгс 17:1-28
Сургаалт үгс 17:1-28 АБ2013
Хэрүүлтэй гэрийн бялхам идээ будаанаас Амар тайван дундах хатсан талхны хэлтэрхий нь дээр. Гутамшигт хүүг мэргэн зарц захирч Гэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртэх. Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм. Муу хүн цөвт уруулыг сонсох. Худалч хүн хорлолын хэлийг анхаарах. Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах. Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх. Ач гуч өтгөсийн титэм. Азай буурлууд үрсийн алдар. Дээдсийн үг хэллэг мунхагт эс тохирох. Худал хэлэх нь захирагчид бүр ч үл нийцэх. Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд ид шидийн чулуу мэт Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр. Алдаат үйлдлийг уучилваас хайрыг татах. Аливаа хэргийг эргэн сөхвөөс андаа алдах. Зэмлэлийн ганц үг ухаантанд хүрэхдээ Цохиурын зуун буулт мулгууд хүрэхээс гүн. Ёрын муу хүн зөвхөн тэрслэл тарих агаад Догшин элч түүний эсрэг илгээгдюү. Бамбаруушаа булаалгасан баавгайтай таарах нь Мунхаглалдаа живсэн мунхгаас дээр. Сайныг саараар хариулагчийн гэрээс ёр муу үл салах. Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу. Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо! Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэр ЭЗЭНд жигшүүртэй. Мунхаг нэгэн ухаангүй атлаа ухааныг худалдан авах уу? Мөнгө гарт нь байлаа гээд тус болох уу? Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх. Хөршийнхөө төлөө батлан дааж Гар баригч нь ухвар мөчид ажээ. Гэмт үйлдлийг таашаагч нь хэрүүлд дурлах Үүдэн босгоо өндөрлөгч нь яс хугалах. Зальт зүрхтэн үл дэвжих Мэхлэгч хэлтэн гай зовлонд унах. Мулгууг төрүүлэгч шаналах. Олиггүйн эцэг эс баярлах. Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин. Шударга замыг хазайлгахаар Буруут нь хахууль өвөртлөх. Ухаарагчийн өмнө мэргэн ухаан Мунхгийн хараанд газрын хязгаар. Мулгуу хүү эцгийн халаглал. Төрүүлсэн эхдээ ч уй гашуу. Зөвт нэгнийг торгох нь ч, Чигч байтал түшмэдийг ташуурдах нь ч зүйд эс нийцюү. Мэдлэгтний үг ховор. Ухаантны сүнс уужим. Дуугүй байваас мунхаг ч мэргэнд тооцогдох. Амаа хамхиваас тэрээр ухаалаг мэт харагдах.