СУРГААЛТ ҮГС 17:1-28

СУРГААЛТ ҮГС 17:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноос Амар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр. Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч, Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ. Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг бол ЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг. Хорон мууг үйлдэгч нь хар санаатай уруулыг сонсдог. Худалч хүн эвдэн сүйтгэгч хэлэнд анхаарлаа хандуулна. Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Гай гамшигт баясагч нь шийтгэл авна. Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм. Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм. Дээгүүр яриа мунхаг хүнд үл тохирно. Захирагч хүнд худал хэлэх нь бүр ч зохисгүй. Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм. Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж. Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг. Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотнын анд нөхдийг салгадаг. Нэг үгээр ухаантай хүнийг зэмлэх нь Зуун удаа мулгуу хүнийг цохисноос илүү гүн хоногшино. Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг. Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно. Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаас Бамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр. Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална. Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун. Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль нь ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг. Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ? Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг. Ухаанаар хомс хүн гар барин амлаж, Хөршийнхөө батлан даагч болдог. Хэрүүл шуугианд дуртай хүн гэм нүгэлд ч дуртай. Өөрийгөө дөвийлгөгч нь сүйрлийг урьж буй хэрэг. Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй. Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно. Мунхгийг төрүүлсэн хүн өөртөө гашуудлыг авчирна. Мунхгийн эцэг баяр баясгалангүй. Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна. Шударга замыг завхруулахын тулд Хар санаатай хүн хээл хахуулийг өвөртөлж авдаг. Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг. Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна. Мунхаг хүү эцгийгээ халаглуулна. Тэрээр төрүүлсэн эхдээ ч уй гашуу юм. Зөв шударга нэгнийг торгох нь сайн хэрэг бишийн адил Үнэнч шударга үйлсийнх нь төлөө түшмэдийг цээрлүүлэх нь сайн хэрэг биш ээ. Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм. Ухаантай хүмүүн уужим дотортой. Мунхаг хүн ч гэсэн чимээгүй байх аваас мэргэн хүнд тооцогдоно. Тэрээр амаа хамхиад суувал хэрсүү нэгэнд тооцогдоно.

СУРГААЛТ ҮГС 17:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Хэрүүлтэй гэрийн бялхам идээ будаанаас Амар тайван дундах хатсан талхны хэлтэрхий нь дээр. Гутамшигт хүүг мэргэн зарц захирч Гэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртэх. Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм. Муу хүн цөвт уруулыг сонсох. Худалч хүн хорлолын хэлийг анхаарах. Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах. Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх. Ач гуч өтгөсийн титэм. Азай буурлууд үрсийн алдар. Дээдсийн үг хэллэг мунхагт эс тохирох. Худал хэлэх нь захирагчид бүр ч үл нийцэх. Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд ид шидийн чулуу мэт Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр. Алдаат үйлдлийг уучилваас хайрыг татах. Аливаа хэргийг эргэн сөхвөөс андаа алдах. Зэмлэлийн ганц үг ухаантанд хүрэхдээ Цохиурын зуун буулт мулгууд хүрэхээс гүн. Ёрын муу хүн зөвхөн тэрслэл тарих агаад Догшин элч түүний эсрэг илгээгдюү. Бамбаруушаа булаалгасан баавгайтай таарах нь Мунхаглалдаа живсэн мунхгаас дээр. Сайныг саараар хариулагчийн гэрээс ёр муу үл салах. Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу. Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо! Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэр ЭЗЭНд жигшүүртэй. Мунхаг нэгэн ухаангүй атлаа ухааныг худалдан авах уу? Мөнгө гарт нь байлаа гээд тус болох уу? Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх. Хөршийнхөө төлөө батлан дааж Гар баригч нь ухвар мөчид ажээ. Гэмт үйлдлийг таашаагч нь хэрүүлд дурлах Үүдэн босгоо өндөрлөгч нь яс хугалах. Зальт зүрхтэн үл дэвжих Мэхлэгч хэлтэн гай зовлонд унах. Мулгууг төрүүлэгч шаналах. Олиггүйн эцэг эс баярлах. Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин. Шударга замыг хазайлгахаар Буруут нь хахууль өвөртлөх. Ухаарагчийн өмнө мэргэн ухаан Мунхгийн хараанд газрын хязгаар. Мулгуу хүү эцгийн халаглал. Төрүүлсэн эхдээ ч уй гашуу. Зөвт нэгнийг торгох нь ч, Чигч байтал түшмэдийг ташуурдах нь ч зүйд эс нийцюү. Мэдлэгтний үг ховор. Ухаантны сүнс уужим. Дуугүй байваас мунхаг ч мэргэнд тооцогдох. Амаа хамхиваас тэрээр ухаалаг мэт харагдах.