Сургаалт үгс 13:1-25
Сургаалт үгс 13:1-25 АБ2013
Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах. Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох. Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ. Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ. Амаа захирах нь амийн хамгаалалт. Уруулаа ангалзуулах нь сүйрэл. Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ. Хичээнгүй нэгний сэтгэл цадна. Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ. Буруутыг ичгүүр, гутамшиг дагана. Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх. Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх. Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах. Хүний баялаг амийнх нь төлөөс буюу. Хоосон ядуу нь занал эс сонсюу. Зөвтийн гэрэл бадарна. Буруутын дэнлүү бөхнө. Их зангаас мэтгэлцээн маргаан. Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан. Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох. Хөдөлмөр шингэсэн аваас арвижих. Найдвар сунжирваас зүрхний өвчин. Хүсэл биелвээс амийн мод. Үгийг үл тоомсорлох нь өр. Зарлигаас эмээх нь шагнал. Мэргэний сургаал болбоос амийн ундарга. Үхлийн занганаас энэ л зайлуулдаг. Бодол сайн аваас нигүүлсэл. Бачит хүмүүсийн зам бэрх. Хашир хэрсүү нь бодолтой үйлдэх. Харин мунхаг нь мулгуугаа дэлгэх. Элч буруут аваас гай зовлон. Элч нь итгэлт болбоос илааршил. Сургамжийг үл ойшоогчдод ядуурал ба үл хүндлэл. Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд. Хүсэл биелэх нь сэтгэлийн бурам. Ёрын муугаасаа салах нь мулгууд ичгүүр. Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь гай зовлон. Зөвт хүмүүсийг шагнадаг нь сайн сайхан. Сайн хүний өв ач гучдаа Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд. Ядуу хүний талбайд арвин хүнс байх боловч Шударга шүүлт үгүй бол Тэр нь хамагдан арилна. Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм. Хүүгээ сахилгажуулахдаа хойрго бус нь түүнийг хайрлагч юм. Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох. Буруутын гэдэс өлөн хоосон явах.