СУРГААЛТ ҮГС 13:1-25
СУРГААЛТ ҮГС 13:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг. Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно. Өөрийн амнаас гарах үр жимснээс хүн сайн сайхныг амсдаг. Харин итгэл эвдэгчийн хүслэн нь хүчирхийлэл билээ. Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно. Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ. Зөв шударга хүн худал хуурмаг зүйлийг үзэн яддаг бол Хар санаатай хүн ичгүүр, гутамшигтай зүйлсийг хийдэг. Зөв шударга байдал гэмгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг бол Хар санаа нь нүгэлтнийг ниргэдэг. Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна. Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм. Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй. Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно. Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг. Харин хар санаатны дэнлүү бөхдөг. Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг. Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна. Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно. Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна. Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол Биелсэн хүсэл амийн мод болой. Үгийг үл тоомсорлогч нэгэн өөрийгөө өрөнд унагаж буй хэрэг. Зарлиг тушаалаас эмээгч нэгэн шагнал хүртэнэ. Мэргэн хүний сургаал амьдралын ундарга бөгөөд Үхлийн занганаас холдуулдаг. Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг. Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ. Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг бол Мунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг. Хар санаатай элч гай зовлонд унана. Харин итгэлт элч илааршлыг авчирна. Сахилгыг үл ойшоогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ. Харин зэмлэлийг ойшоогч хүн нэр хүндтэй болно. Биелсэн хүсэл нь сэтгэлд амтат бурам аж. Харин мунхаг хүмүүс бузар муугаас холдохыг жигшин зэвүүцдэг аж. Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана. Гай зовлон нүгэлтнүүдийг мөшгөдөг. Дэвжин дээшлэх нь шударга зөв хүмүүсийн шагнал юм. Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг. Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг. Ядуу хүний тариан талбайд үр тариа арвин ургаж болох ч гэсэн Шударга бус байдал түүнийг хоосруулна. Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм. Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн. Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг бол Хар санаатай хүний ходоод хонхолзоно.
СУРГААЛТ ҮГС 13:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах. Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох. Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ. Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ. Амаа захирах нь амийн хамгаалалт. Уруулаа ангалзуулах нь сүйрэл. Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ. Хичээнгүй нэгний сэтгэл цадна. Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ. Буруутыг ичгүүр, гутамшиг дагана. Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх. Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх. Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах. Хүний баялаг амийнх нь төлөөс буюу. Хоосон ядуу нь занал эс сонсюу. Зөвтийн гэрэл бадарна. Буруутын дэнлүү бөхнө. Их зангаас мэтгэлцээн маргаан. Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан. Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох. Хөдөлмөр шингэсэн аваас арвижих. Найдвар сунжирваас зүрхний өвчин. Хүсэл биелвээс амийн мод. Үгийг үл тоомсорлох нь өр. Зарлигаас эмээх нь шагнал. Мэргэний сургаал болбоос амийн ундарга. Үхлийн занганаас энэ л зайлуулдаг. Бодол сайн аваас нигүүлсэл. Бачит хүмүүсийн зам бэрх. Хашир хэрсүү нь бодолтой үйлдэх. Харин мунхаг нь мулгуугаа дэлгэх. Элч буруут аваас гай зовлон. Элч нь итгэлт болбоос илааршил. Сургамжийг үл ойшоогчдод ядуурал ба үл хүндлэл. Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд. Хүсэл биелэх нь сэтгэлийн бурам. Ёрын муугаасаа салах нь мулгууд ичгүүр. Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь гай зовлон. Зөвт хүмүүсийг шагнадаг нь сайн сайхан. Сайн хүний өв ач гучдаа Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд. Ядуу хүний талбайд арвин хүнс байх боловч Шударга шүүлт үгүй бол Тэр нь хамагдан арилна. Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм. Хүүгээ сахилгажуулахдаа хойрго бус нь түүнийг хайрлагч юм. Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох. Буруутын гэдэс өлөн хоосон явах.