Сургаалт үгс 1:1-33

Сургаалт үгс 1:1-33 АБ2013

Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой. Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, Ухаарлын үгсийг ухан ойлгох, Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс, Чигч байхуйн сургамжийг олохын тулд, Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг, Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ. ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ. Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь Эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц. Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт. Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь, Хэрэв тэд: “Явъя хамтдаа, цус урсгахаар гэтэн хүлээе Гэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг, Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая. Олон төрлийн үнэт эрдэнэс олдоно. Олз юугаар орон гэрээ дүүргэх болно. Бидэнтэй хамт шавга хая Бид бүгд хувь хөрөнгө авна” гэвэл Хүү минь, тэдний замаар бүү алх, Хөлөө тэдний жимээс татагтун. Тэдний хөл ёрын муу тийш харайж Тэд цус урсгах гэж яардаг юм. Шувуунд хүртэл харж байхад нь Урхи тор тавих нь талаар атал Цус юугаа тэд урсгах гэж гэтэх юм! Амь юугаа алдах гэж отох юм! Олзонд шунагчийн зам ийм агаад Олсон эд нь эзнийнхээ амийг бүрэлгэмүй. Гудманд ч мэргэн ухаан хашхирч, Талбайд ч өндөр дуугаар дуугарч, Олон хөлийн газар ч орилж, Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүүн: “Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ? Гэсгээлтэд минь эргэн ханд Тэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна, Үгээ би та нарт мэдүүлнэ. Дуудахад минь та нар үл хэрэгссэн Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул Зөвлөгөөг минь та нар үл ойшоон Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир Гай гамшиг дээр чинь би инээнэ Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ, Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч Зовлон шаналан ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийн хандана. Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно. Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон, Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй, Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж. Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй. Аюулгүй байх болно, харин намайг сонсогч нь Айдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна