СУРГААЛТ ҮГС 1:1-33

СУРГААЛТ ҮГС 1:1-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, Билиг ухааны үгсийг ойлгох, Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээр Сахилга бат болон хэрсүү байдалд суралцах, Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр; Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд; Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд ба Мэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм. ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог. Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор. Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм, Хүзүүнд чинь чимэг билээ. Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр. Хэрэв тэд чамд “Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе. Гэмгүй нэгнийг отоцгооё. Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь, Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, Орон гэрээ олзоор дүүргэх болно. Бидэнтэй хамт шавга хая. Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно” гэвэл, Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв. Жимээс нь хөлөө хол байлга. Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөд Тэд цус урсгах гэж яарч сандарна. Чухамдаа, шувууг харсаар байтал нь Өмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ. Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж. Тэд өөрсдийн амийг отох аж. Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой. Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ. Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж, Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг. Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөд Хотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм. “Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ? Миний зэмлэлд эргэн ханд. Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна, та нарт үгээ мэдүүлнэ. Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн. Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй. Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн. Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж, Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ. Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч, Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана. Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө. Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно. Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов. Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй, Миний бүх зэмлэлийг хайхраагүй. Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно. Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхгийн маадгар байдал тэднийг устгана. Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна”.

СУРГААЛТ ҮГС 1:1-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой. Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, Ухаарлын үгсийг ухан ойлгох, Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс, Чигч байхуйн сургамжийг олохын тулд, Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг, Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ. ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ. Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь Эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц. Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт. Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь, Хэрэв тэд: “Явъя хамтдаа, цус урсгахаар гэтэн хүлээе Гэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг, Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая. Олон төрлийн үнэт эрдэнэс олдоно. Олз юугаар орон гэрээ дүүргэх болно. Бидэнтэй хамт шавга хая Бид бүгд хувь хөрөнгө авна” гэвэл Хүү минь, тэдний замаар бүү алх, Хөлөө тэдний жимээс татагтун. Тэдний хөл ёрын муу тийш харайж Тэд цус урсгах гэж яардаг юм. Шувуунд хүртэл харж байхад нь Урхи тор тавих нь талаар атал Цус юугаа тэд урсгах гэж гэтэх юм! Амь юугаа алдах гэж отох юм! Олзонд шунагчийн зам ийм агаад Олсон эд нь эзнийнхээ амийг бүрэлгэмүй. Гудманд ч мэргэн ухаан хашхирч, Талбайд ч өндөр дуугаар дуугарч, Олон хөлийн газар ч орилж, Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүүн: “Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ? Гэсгээлтэд минь эргэн ханд Тэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна, Үгээ би та нарт мэдүүлнэ. Дуудахад минь та нар үл хэрэгссэн Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул Зөвлөгөөг минь та нар үл ойшоон Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир Гай гамшиг дээр чинь би инээнэ Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ, Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч Зовлон шаналан ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийн хандана. Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно. Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон, Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй, Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж. Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй. Аюулгүй байх болно, харин намайг сонсогч нь Айдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна