Тооллого 9:15-23
Тооллого 9:15-23 АБ2013
Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл асрын дээр гал мэт үзэгдэв. Энэ нь тийнхүү үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа. Асрын дээрээс үүл дээшлэх болгонд Израилийн хөвгүүд хөдөлж, үүл буун тогтсон газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв. ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд аянд гарч, ЭЗЭНий тушаалаар тэд буудалладаг байв. Үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа. Үүл асрын дээр олон хоногоор саатахад Израилийн хөвгүүд ЭЗЭНий журам зааврыг сахин, аянд гардаггүй байв. Зарим үед үүл асрын дээр хэдэн хоногоор саатах аваас тэд ЭЗЭНий тушаалын дагуу буудаллан үлддэг бөгөөд ЭЗЭНий тушаалын дагуу аянд гардаг байлаа. Зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл өргөгдөх аваас тэд хөдөлдөг байв. Үүл өдрөөр эсвэл шөнөөр, хэзээ өргөгдөнө тэр үед тэд аянд гардаг байв. Хоёр өдрөөр эсвэл сараар эсвэл жилээр ч үүл асрын дээр саатаж тэнд байхад Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд аянд гардаггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд аянд гардаг байлаа. Тэд ЭЗЭНий амаар буудаллаж, ЭЗЭНий амаар аянд гардаг байв. Мосегоор дамжсан ЭЗЭНий амаар тэд ЭЗЭНий журам зааврыг сахидаг байлаа.