Тооллого 6

6
Назир хүн#6:0 назир хүн: Онцгой үйлчлэл хийхээр өөрийгөө тусгаарласан, зарим юмыг цээрлэх тангараг өргөсөн хүн.
1ЭЗЭН, Мосетэй ярин
2Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Эр, эм аливаа хүн онцгой ам өчиг болох назирийн ам өчгийг тавьж, өөрийгөө ЭЗЭНд ариусган тусгаарлах аваас 3тэр хүн дарс болон сархдыг цээрлэж, дарсны цууг эсвэл сархдаар хийсэн цууг уух ёсгүй, усан үзмийн шүүсийг ч уух ёсгүй, шинэ юмуу хатаасан усан үзмийг ч идэх ёсгүй.#Лк 1:15 4Тусгаарлалтынхаа бүх өдөрт тэрээр үрээс нь авахуулаад хальсыг нь хүртэл усан үзмийн модны ямар ч бүтээгдэхүүнийг идэх ёсгүй.
5Тусгаарлалтынх нь ам өчгийн бүх өдөрт толгойд нь тонгорог хүрэх ёсгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Тэрээр толгойнхоо үсийг урт ургуулах ёстой.
6ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй. 7ЭЗЭНий ариусган тусгаарлалт түүний толгой дээр байгаа учир эцэг, эх, ах, эгч дүүгээ өөд болох үед ч тэр тэдний төлөө өөрийгөө бузарлах ёсгүй. 8Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.
9Харин түүний дэргэд хүн гэв гэнэтхэн үхэж, тэрээр ариусган тусгаарласан толгойгоо бузарласан байх аваас цэвэрших өдөр тэрээр үсээ хусах ёстой. Тэрээр долоо дахь өдөр үсээ хусах ёстой. 10Найм дахь өдөр тэрээр уулзалтын майхны үүдэнд тахилчид хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг авчрах ёстой. 11Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд өргөж, үхсэн хүнээс болж нүгэл үйлдсэнд нь түүнд эвлэрүүллийг хийх бөгөөд тэр өдрөө мөнөөх хүний толгойг ариусгана. 12Тэрээр назир байх өдрүүдээ ЭЗЭНд ариусган тусгаарлаж, ялын тахилд эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан байсан тул урьдын өдрүүд нь алдагдах болно.
13Назирийн хууль энэ юм. Тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад түүнийг уулзалтын майхны үүдэнд авчрах ёстой.#Үйл 21:23–24 14Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөхдөө шатаалт тахилд согоггүй эр хурга нэгийг, нүглийн тахилд согоггүй охин төлөг нэгийг, эвийн тахилд согоггүй хуц нэгийг 15мөн исгээгүй талх нэг сагсыг, тосоор багсарсан, сайн гурилан исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй бин зэргийг идээн өргөл болон ундаан өргөлүүдийнх нь хамт авчрах болой. 16Тахилч эдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн тахил ба шатаалт тахилыг өргөнө. 17ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахил болгон хуцыг нэг сагс исгээгүй талхны хамт өргөх бөгөөд тахилч мөн үүний идээн өргөл болон ундаан өргөлүүдийг өргөх ажгуу. 18Назир хүн ариусган тусгаарласан толгойгоо уулзалтын майхны үүдэнд хусаж, толгойнхоо ариусган тусгаарлагдсан үсийг авч, эвийн тахилын өргөлийн доор байх галд хийнэ. 19Тахилч, хуцын чанасан далыг мөн сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг бинг авч, ариусган тусгаарлалтын үсээ хуссаных нь дараа назирийн гар дээр тавина. 20Тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон хандивын гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа назир хүн дарс ууж болно.
21Олж авчирч чадах юмандаа нэмэлт болгон, тусгаарлалтынхаа төлөө ЭЗЭНд өргөхөөр ам өгсөн назирийн хууль энэ юм. Тэрээр тусгаарлалтын хуулийн дагуу, өгсөн ам өчгөөрөө үйлдэх ёстой” гэж айлдав.
Тахилчийн ерөөл
22Мосед ЭЗЭН айлдан
23Аарон болон түүний хөвгүүдэд “Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд
24«Чамайг ЭЗЭН ерөөж, сахин хамгаалах болтугай.
25Чиний дээр ЭЗЭН царайгаа гэрэлтүүлж, чамайг өршөөх болтугай.
26ЭЗЭН чам уруу нүүрээ харуулж,
Чамд амар тайвныг өгөх болтугай» гэж хэл” хэмээв.
27Тэд Израилийн хөвгүүдийн дээр Миний нэрийг дуудах бөгөөд Би тэднийг ерөөх болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Video for Тооллого 6